Улаанбаатар чуулгын хаалгаар ороход “Говь-Алтай аймгийн Бугат сум. Малчин Норов гуайн гэр” хэмээн зарлалаа. Тайз руу харваас Монгол гэрийн ханыг дугуйлсан байх агаад модон ширээ тойрон дээлтэй эмгэн, өвгөн хоёр сууж байв. Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Би монгол хүүхэд” урлагийн наадмыг асрамжийн төвийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан нь энэ юм. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй энэ наадамд 12 төвийн 360 гаруй авьяаслаг хүүхэд оролцлоо. Тэд монгол ёс уламжлал, өв соёлыг илтгэсэн үзүүлбэрээр өрсөлдөв. Монгол бүжиг, шанз, ятгын намуухан ая, Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, Д.Пүрэвдорж “Чингис хаан” шүлэг, гэрийн магтаал эгшиглэсэн жинхэнэ Монгол хүүхдүүдийн авьяас чадварын “тулаан” боллоо. Наадмын I байрт Монголын Сос хүүхдийн хотхоны “Гэрэлт ирээдүй” баг, II байрт Вербист төв, III байрт Гэрэл төвийн “Солонго” баг орлоо. Энэ үеэр Монголын Сос хүүхдийн хотхоны захирал Н.Содномдаржаа “Долоо дахь жилдээ түрүүлж, хүүхдүүд маань ах эгч нарынхаа гаргасан амжилтыг бататгалаа. Энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж, удирдамж гаргахаар нь хүүхдүүд өөрсдийн санаачилгаар бэлтгэл хийж эхэлдэг. Манай хотхон урлаг, спортоос гадна оюун ухаан, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх 12 төрлийн дугуйлан хичээллүүлж, хүүхдүүдийг нэг гэр бүл шиг төлөвшүүлж, хөгжүүлэхэд багш нар маань анхааран ажилладаг. Энэ шагнал манай багш нар, хүүхдүүдийн хамтын хичээл зүтгэл, шаргуу бэлтгэлийн үр дүн юм” гэлээ. Харин тэмцээний шүүгч гавьяат жүжигчин Л.Чаминчулуун “Энэ уралдаан урлагт хайртай хүүхдүүдийн авьяас чадварын манлайлал байлаа. Оролцсон хүүхдүүдээр би бахархаж байна. Урлагийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, зүтгэлтэй хүүхдүүдийн дундаас ирээдүйн урлагийг манлайлах сайхан уран бүтээлч төрөн гарна гэдэгт итгэлтэй байна“ гэсэн юм. Мөн тэрээр хүүхдүүдээс “Та нар Монгол хүүхэд болж төрснөөрөө бахархдаг уу” хэмээн асуухад танхим дүүрэн ”Бахархдаг” хэмээн чангаар хариулав.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ