Энэ долоо хоногийн эхээр рэппер Дрэйкийн төрсөн өдөр дээр ирсэн хамгийн том гэнэтийн бэлэг бол цоо шинэ Адель байв.
Тэр дороо л хүмүүс 31 настай гайхамшигт дуучин бүсгүй Аделийн зургийг хаа сайгүй тарааж, гурван жил ханилаад салсан Саймон Конекигийн өмнөөс амаа барих нь холгүй солиорох шахцгаалаа.
Дуучин Адель өмнө нь "би хэзээ ч турахгүй, би энэ биедээ хайртай" хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсныг бид бүгд санаж байгаа. Тэр 2012 онд "Хүмүүс" сэтгүүлд "Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсч байгаагүй. Би та бүхэнд энэ биеэрээ хайрлагдаж байгаагаараа бахархдаг" хэмээн ярилцлага өгж байснаар зогсохгүй "Би хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг амьдралыг хүсэхгүй байна" гэж хэлж байлаа.
Гэхдээ тэрбээр 2012 онд хүү Анжелогоо төрүүлсний дараа хоолны дэглэм барьж эхэлсэн билээ. Мөн хоолойгоо хадгалж үлдэхийн тулд өдөр тутамдаа хэрэглэдэг арав гаруй сахар ихтэй ундаа, согтууруулах ундаа, тамхи, каффэйн зэргээс татгалзжээ. Гэхдээ энэ үедээ гайхамшигт дуучинд турах зорилго байсангүй. Адель ердөө л хүү, хоолой хоёрынхоо төлөө эрүүл хооллож байсан хэрэг.
Харин сүүлийн зургаан сар тэрбээр сэтгүүлчдийн дуранд өртөлгүй нам жим байх хугацаандаа доорх зургаан аргын тусламжтай 20кг хасчээ.
- ХООЛНЫ ДЭГЛЭМ
Дуучин Адель эд эсийг сэргээж, хоолны дуршлыг багасган биеийн төрөлх генийг сэрээдэг гэдгээрээ алдартай "Sirtfood diet" хоолны дэглэм барьжээ. Энэхүү хоолны дэглэм нь биеийн эсүүдийг стрессээс шалтгаалан үхэх болон хөгшрөхөөс сэргийлдэг гэнэ. Мөн хар шоколад, улаан дарс зэргийг зөвшөөрдөг гэнэ.
- ДАСГАЛЖУУЛАГЧ
Айда Фиэлд дуучин Аделийг жин хасахад нь гүн туслалцаа үзүүлжээ.
Тэд сунгалт, уян хатан чанарын дасгал голлон хийж байсан нь дуучны биед гайхалтай сайн зохисон гэнэ.
- ЖОЕ ВИКИЙН ВИДЕО ХИЧЭЭЛ
Адель 45 настай Саймон Конекигээс энэ оны дөрөвдүгээр сард салсныхаа дараа Жое Викийн видео хичээлийн дагуу гэртээ дасгал хийдэг болжээ.
Мөн түүний найз Женифер Лауренс тэргүүтэй оддын биеийг киноны дүрд тохируулан хөгжүүлж, бас турааж өгдөг дасгалжуулагч Далтон Вонгтой хамтарч ажилласан гэнэ.
- ЦАЙНААС ГАРСАН
Адель өмнө нь өдөрт 10 ба түүнээс олон аяга цай уудаг байснаа хулээн зөвшөөрч байсан. Тэрбээр нэг аяга цайндаа хоёр ширхэг ёотон хийдэг байсан гэж үзвэл өдөрт хорин ёотон иддэг байж. Харин энэ хэмжээ нь эрч хүч муудах, шүд өвчлөх, цусанд холестерин ихсэх аюултай хэмжээнээс даруй гурав дахин их байжээ.
Адель одоо цай огт уухаа больсон гэнэ.
- ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
Адель ер нь фитнесс төрлийн хүн биш. Тэр 2016 онд "Роллин стөүн" сэтгүүлд "Би фитнесст явж чаддаггүй. Би дургүй" хэмээн ярьж байсан удаатай.
Харин өдгөө тэр "Надад хүндийг өргөлт таалагдаж байна. Гэхдээ би тэр үедээ толинд харах дургүй. Нүүр рүү хамаг цус шахагдаад яг дэлбэрэх гэж байгаа юм шиг харагддаг" хэмээн хэлжээ.
- ЭРҮҮЛ МЭНД, АЗ ЖАРГАЛДАА АНХААРАХ
Түүний амьдралд аз жаргал үргэлж нэгдүгээрт, харагдах байдал хоёрдугаарт байсаар ирсэн.
Адель "Ямар харагдаж байгаа нь биш, өөртөө хэр сэтгэл хангалуун байгаа нь л хүнд чухал гэж би боддог. Хэрвээ чиний ямар нэг зүйл өөрт чинь таалагдахгүй бол түүнийгээ засч өөрийгөө баярлуул" хэмээн ярьж байв.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: thesun.co.uk, mirror.co.uk, independent.co.uk
Холбоотой мэдээ