Бельгиэс Британийн Ессекс хотод ирсэн ачааны машины бүхээгнээс 39 цогцос илрүүлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Үүний дараа мөн л Британийг зорьсон өөр нэг машины хөргүүртэй бүхээгнээс бээрсэн байдалтай Афганистаны найман иргэнийг цагдаа нар илрүүлэн гаргасан.
Гэтэл өчигдөр /2019.10.30/ Бельгийн цагдаа нар тус улсыг дамжин тээвэрлэгдэж байсан хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргасан талаар мэдээллээ. Жимс, хүнсний ногоо ачсан бүхээгнээс насанд хүрсэн 12 эрэгтэйг илрүүлсний 11 нь Сирийн иргэд, нэг нь Суданы иргэн байжээ.
Уг машиныг жолоодож явсан жолооч ачаанд нь хүн байж магадгүй гэж сэжиглээд цагдаад мэдэгдсэн гэнэ. Учир нь жолооч нар Британи руу ачаа тээвэрлэхдээ хууль бус цагаач зөөсөн хэрэгт орооцолдох нь нэмэгдсэн бөгөөд хэрэв ачаанаас нь хүн гарч ирвэл хүн тус бүрийн тоогоор 2,000 фунтийн торгууль хүлээдэг байна. Мөн өнгөрсөн долоо хоногт болсон хэргээс үүдэн хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хяналт ч чангарч, жолооч нар ч илүү сонор сэрэмжтэй байх болжээ. Хөргүүртэй ачааг хилээр нэвтрэхэд нээж шалгах нь ховор байдаг учир хууль бус цагаачид ихэвчлэн энэ замыг сонгодог аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ