Ц.Баатархүү: Тоогоор хуурсан ажлын гүйцэтгэл оруулж ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү: Тоогоор хуурсан ажлын гүйцэтгэл оруулж ирлээ

Ц.Баатархүү: Тоогоор хуурсан ажлын гүйцэтгэл оруулж ирлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын XXVIII хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.

Уг хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Хуралдааны эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг дэд дарга Ц.Байгалмаа танилцуулсан юм. Тус бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн үнэлж, хэлэлцэж батлахыг дэмжив. Ингэхдээ “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн гэв. Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 3500 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэг нь сайшаалтай байна хэмээн дүгнэжээ. Тэгвэл “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг тусгасан нь ололттой байна гэв. Бүлгийн төлөөлөгчдөөс 2020 оны үндсэн чиглэлийн төслийг нарийвчлан хэлэлцэж, тодорхой саналуудыг тусгуулахаар оруулж ирсэн байв.

Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцуулав.

Нэг: Нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан ажлын гүйцэтгэл оруулж ирсэн байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 26 зорилт 80.2 хувиар хэрэгжсэн гэж та бүхэн дүгнэжээ.

Тухайлбал, Эдийн засгийн өсөлт өрх бүрт зорилт 83 хувийн биелэлттэй байгаа гэдэгтэй Нийслэлчүүд санал нэгдэх үү? Бид “үгүй” гэж бодож байна. Бодит байдал дээр иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч, иргэдийн амьдралын чанар огт сайжрахгүй байгааг олон судалгаа харуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хугацаандаа хийгдсэнгүй, зарим нь огт эхэлсэнгүй. Гэтэл хийгдээгүй ажлыг тайлан дээрээ хийсэн болгож оруулдаг ид шидтэй гэмээр хотын удирдлагатай болсондоо тун их гайхаж байна.

“УБ такси” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх ажлын хэрэгжилт 40 хувь. Бүтэн нэг жилийн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн менежер Сайнбаяртай мэдээлэл солилцсон учир ажлын гүйцэтгэл 40 хувь болсон байх юм.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 30 дэд хөтөлбөрийг ажил хариуцаж буй нутгийн захиргааны байгууллага 70-80 хувийн биелэлттэй гэж өөрсдийгөө дүгнэж байхад Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс дөнгөж 30-35 хувийн биелэлттэй байна гэж дүгнэж байна.

Хийж хэрэгжүүлж буй ажилдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүй, нийслэлчүүдийг буруу тоо баримтаар хуурсаар байгаатай бид эвлэрэхгүй.

Хоёр. Төсөв мөнгө хангалттай ч, ажлын арга барил, менежментийн дутагдалд оржээ.

Түүхэн ой тохиож байгаа энэ жил та бид түүхэндээ байгаагүй хангалтгүй тайланг хэлэлцэж байна. Учир юу вэ гэвэл 2017 онд 88 хувь, 2018 онд 86.7 хувийн гүйцэтгэлтэй гэх тайлан хэлэлцэж байсан бол энэ жил дөнгөж 80 хувь хүрэх эсэх тодорхойгүй тайланд үнэлэлт дүгнэлт өгөх гэж байна. Уг нь энэ жил Нийслэл хот хамгийн их төсөв мөнгөтэй жил байлаа. Дүүргүүдтэйгээ нийлээд анх удаа нэг их наяд давсан төсөвтэй байсан. Хотын дарга төсөв мөнгөөр дутаагүй харин ажлын арга барил, менежментийн алдаа гаргасан нь харагдаж байна.

Төсөв хөрөнгө нь байсан ч төсвийн задаргааг нь цаг хугацаанд нь хийсэнгүй. Тухайлбал авто зам арчлалтын төсвийн задаргаа гэхэд 8-р сарын сүүлээр хийгдсэн байна. Бүх тендер хугацаандаа зарлагдсангүй. Дулаан улиралд хийх шаардлагатай зам, барилга, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд 10 сард эхэлж байна.

Нийслэлийн агентлагуудын нэрийг сольж, албан тушаалын томилгоо хийсээр бүтэн жил өнгөрч, үр дүнгийн гэрээ байгуулахгүй, хүлээлттэй, хэвээр он дуусч байна. Үндсэндээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлсэн Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл туйлын хангалтгүй байна. Иймд НИТХ дахь Ардчилсан намын  бүлэг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй гэж дүгнэж байна гэлээ.

Хоёр намын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулсан. Төсөв,  санхүү эдийн засгийн хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус ажлын хорооноос 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, Яармаг, Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын барилгын ажил дуусах шатандаа орсон, нийслэлийн хэмжээнд 22 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан, “Ухаалаг Улаанбаатар” үйлчилгээг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуусан, 17 эрүүл мэндийн байгууллагын гадна тохижилтыг хийсэн, орон сууцыг түрээслээд өмчлөх төслийг хэрэгжүүлэн, 970 гаруй айлыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлсэн зэрэг олон бодитой, үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн хэмээн үзжээ. Мөн сайжруулсан түлш нөөцлөх ажил, түгээлт, борлуулалтын ажлыг сайн хэрэгжүүлсэн, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч байгаа зэргээс үр дүн харагдаж байна хэмээн дүгнэжээ. Харин ирэх оны үндсэн чиглэлдээ дутуу ажлуудаа гүйцээж, нэн шаардлагатай ажлуудыг хийх хэрэгтэй. Түүнчлэн хэрэгжих боломжгүй, хэт ерөнхий тусгасан саналуудыг  хасах хэрэгтэй гэсэн саналыг танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байгууллагуудыг бүртгэлжүүлэх, тоосжилтын асуудлыг багасгах зорилгоор авто замыг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх, гэр хорооллын автобусны буудлыг нэмэгдүүлэх, цахилгааны дэд станцын хангамжийг нэмэгдүүлэх, өрх бүр таван мод аяныг эхлүүлэх, журам гаргаж хэрэгжүүлэх, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг 13-ыг барьж ашиглалтад оруулна гэснийг 23 болгон нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналуудыг гаргасан юм.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дүгнэлтийг хорооны дарга Л.Нарантуяа танилцуулав. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр 453 арга хэмжээ туссанаас, 55 арга хэмжээ нь 85 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн нь тааруу үзүүлэлт хэмээсэн юм. Тиймээс хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хот тээвэрлэлтийн механик ажиллагааг халж, технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм. Мөн нийслэл хотын хойд хэсгээр 30 км орчим үргэлжлэх түймрийн зурвасыг сэргээх, завсарлах шаардлагатай байгаа гээд ирэх оны үндсэн чиглэлд цэцэрлэгжүүлэх шаардлагатай талбайг төсвийн хөрөнгөөр бус байгууллага, иргэдийн оролцоог хангах замаар ойжуулах ажил тусгасан нь сайшаалтай хэмээн санал дүгнэлтэд тусгажээ. Харин ирэх оны үндсэн чиглэлд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай газруудын цахилгааны төлбөрийг тэглэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, ой сэргээх, цэвэрлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх асуудлуудыг нэмж тусгах зэрэг саналуудыг танилцуулав.

Ийнхүү нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж