Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн клубын 16 дугаар бага хурал 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод болж өндөрлөсөн билээ. Энэхүү бага хурлын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол, Хятад зэрэг Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүд, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан билээ.
Хойд хөршийн төрийн тэргүүн “Хойд тэнгисийн замын” төслүүдийн багц, мөн Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь ОХУ-ын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэх юм. Евразийн хэмжээний ач холбогдолтой энэхүү санаачилгыг сонирхох бүх түнштэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.
“ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН НҮДНЭЭС ОЧ ГЯЛАЛЗАЖ БАЙНА”
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол аравдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад ажлын айлчлал хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан билээ. Энэ үеэр Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хоёр тал Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Шолбан Кара-оолын хэлснээр, ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан байна. Энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгджээ. Улмаар энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж буй, тус асуудалд талууд сонирхол нэг байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Шолбан Кара-оол Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа дараа хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд “Хөрш улс 414 км төмөр зам барина. Уг ажлыг нэг жил хагасын хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байна” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр шинэ маршрутын бүтээн байгуулалтын ажлыг гадаадын хүмүүсийн оролцоогүйгээр дотоодын мэргэжилтэн, инженерүүд гүйцэтгэж буйг тэмдэглэжээ.
Монголын Засгийн газар өмнө нь Эрдэнэтээс Овоот (Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр зам тавихаар төлөвлөж, цаашлаад Арцсууриар дайруулан Кызыл хүртэл 215 км төмөр замыг өргөтгөнө гэж мэдээлж байсныг дурдсан байна.
Шолбан Кара-оол "Манай хөршүүд Тува руу төмөр зам барих ажилд нухацтай хандаж байна. Тиймээс Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам барьсны дараа Оросын төмөр замын сүлжээнд нэгдэх боломж гарч ирнэ. Хөршүүд маань дэд бүтцээ хөгжүүлэхээр маш их урам зоригтой ажиллаж байгааг би өөрийн нүдээр харлаа. Биднээс ялгаатай нь, тэнд хэн ч бидэнд төмөр зам хэрэгтэй юу, хор хөнөөл учруулахгүй юу гэх мэт дэмий асуулт асуудаггүй юм байна. Монголчуудын амнаас би ганцхан зүйлийг сонссон. Тэр нь төмөр зам, ерөнхийдөө зам. Энэ бол хөгжил, энэ бол зохистой амьдрал, хөгжил цэцэглэлтийн зам юм” гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Өнөөдөр тэнд 400 км гаруй төмөр замын ажил эхэлж, 1.5 жилийн дотор барьж дуусгахыг зорьж байна. Гол нь тал нутагт ийм бүтээн байгуулалт хийхэд илүү хялбар байдаг. Инженер, гар урчууд, нутгийн иргэд гээд төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй бүх ажилчны нүднээс оч гялалзаж байгааг олж харж болно.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад тэнд шинэ амьдрал цэцэглэж байна. Түүний ачаар асар том цементийн үйлдвэр баригдсан. Төмөр замын ойролцоо өндөр технологи бүхий нүүрс баяжуулах үйлдвэр босчээ. 400 км зам туулж, нүүрсээ баяжуулж байна. Улмаар Хятадад тонн тутмыг нь 200 ам.доллараар зарах боломж бүрджээ” гэж Тувагийн тэргүүн Вконтакте хуудастаа бичжээ.
Мөн тэрбээр “Монголын тал төмөр зам бол амьдрал гэдгийг ойлгодог. Түүний эргэн тойронд ашиг орлого нэмэгдүүлэх олон төсөл хэрэгжиж байна" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан байна.
Одоогоос таван жилийн өмнө Тувагийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Шолбан Кара-оол "Монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний ордын хөрөнгө оруулагчид, тухайлбал "Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци" (ТЭПК) сонирхох нь дамжиггүй” хэмээн хэлж байжээ.
Түүний мэдээлснээр, Монгол, Тува 2021 онд төмөр замаар холбогдох юм байна.
КЫЗЫЛ-КУРАГИНО ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН 10 ЖИЛ ЦАРЦСАН ТӨСӨЛ ДАХИН ЭХЛЭВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард, Монголд айлчлахаасаа арваад хоногийн өмнө Оросын нүүрсний гол бүс нутгийн амбан захирагч нарыг Кремльд хүлээн авч уулзан, Забайкаль, Тува, Хакаси, Якут, Новосибирск хот, Красноярск муж, Кемеров муж зэрэг бүс нутгаас жилд 200 гаруй сая тонн нүүрс олборлож, Ази-Номхон далайн орнууд руу экспортоо нэмэгдүүлэх зорилтыг хэлэлцжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезтой өрсөлдөхөөр тооцож, зах зээл дэх одоогийн байр сууриа алдвал Оросын эдийн засаг ихээхэн хохирол хүлээнэ гэдгийг сануулсан байна.
Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг 2015 онд Ташкентийн уулзалтаар үзэглэсэн. Мөн Монгол, Оросын Засгийн газар хооронд Төмөр замын транзит тээврийн харилцан хөнгөлөлттэй тарифын 25 жилийн хэлэлцээр байгуулсан билээ.
Өнгөрсөн жил УИХ-аас “Монгол Улсын төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлүүдийг нэмж тусгасан. Одоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын ажил өрнөж буй бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50%-ийг эзэмшдэгийн хувьд оросуудын сонирхол ч энд бийг дурдахад илүүдэхгүй биз.
Кызыл-Өрөмч маршрут нь Тувагийн нутгаас Цагаантолгой боомтоор Монголын баруун хойд нутгаар дамжин Хятадад хүрэхэд хамгийн хямд төсөр хувилбар гэж үздэг. Хоёр дахь хувилбар нь Эрдэнэт-Арцсуурь шугамтай холбон Салхит-Эрдэнэт болон УБТЗ-ын төв коридороор Хятадын аж үйлдвэрийн төвд хүрэх маршрут юм. Аль аль нь “Эдийн засгийн коридор”-ын 32 төсөлд багтаж буй юм.
Монголын баруун хойд чиглэлээр холбох энэ шугамыг оросууд чухалчилдаг. Тэд Тавантолгой ордоос хоёр дахин их нөөцтэй Улуг-Хемскийн сав газраас коксжих нүүрсийг Хятадын зах зээлд хүргэх хэтийг олж харжээ.
Путин Кызыл орчмын нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын 10 жил царцсан төслийн ач холбогдлыг онцолж, дахин эхлүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: FEDPRESS, GOV.TUVA.RU
Холбоотой мэдээ