Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Буруутгаад буй Цэцийн гишүүдээ та томилсон шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэв. Ингэхдээ Цэц өмнө нь Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ баталгаажуулав.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож, улсын төсөвт төлнө.

Өөрөөр хэлбэл, Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас энэ хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч хүн, аж ахуй нэгж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эрх зүйн зохицуулалтгүй болж байна, гэсэн үг. Тиймээс ч өнөөдөр /2019.10.31/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Асуудал яагаад ийм дээрээ тулж, гэнэт л Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ноцтой мэдээ” хэмээн улсын төсвийн орлогыг 1,3 тэрбумаар тасалдуулах үйлдэл. Цэцийн шийдвэрээс бол Монголын газрын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна хэмээн Цэцийн гишүүдэд хаягласан олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.  Зарчмаараа бол УИХ алдаатай, Үндсэн хууль зөрчсөн хууль баталсныг нь Цэцийн хоёр ч суудлын хуралдаан харууллаа.

Сангийн сайд яагаад гэнэт ингэж аашлах болов. Үнэн хэрэгтээ өнгөрсөн зургадугаар сард иргэн гомдол гаргаж, Цэц дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ АМНАТ төлөх заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг нь УИХ өнгөрсөн долдугаар сард хуралдахдаа Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Түүнээс хойш гурван сарын хугацаанд УИХ, Засгийн газар, холбогдох сайд нар анхаарлаа хандуулах бүрэн боломжтой байлаа.

  • 2019.03 26-нд  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
  • 2019.06.28-нд Цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.
  • 2019.07.16-нд УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав.
  • 2019.10.30-нд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг үндэслэлтэй гэж хүлээн авав.

Гэвч одоо ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гэнэт ухаарсан мэт улсын төсөв тасалдуулах нь, Цэц буруу шийдвэр гарлаа, улс орныхоо эрх ашгийн эсрэг хууль гаргалаа хэмээн чанга дуугарах хэрэггүй болов уу. Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан, дараагийн шийдвэрээ ч хамгаалах нь бараг нь тодорхой байсан. Харин энэ үед УИХ, Засгийн газар юу хийж байсан юм бэ. Улстөржиж, наадамлаж явахын оронд энэ шийдвэрээ засч, залруулах, эргэж харах эсвэл Цэцийн гишүүдээ ч болтугай “лоббидох” боломж та бүхэнд хангалттай байсан шүү дээ.

Сайн яривал буруутгаад байгаа Цэцийн гишүүдийн олон нь энэ удаагийн парламент томилсон. Та бүхэн Ерөнхийлөгчтэй “тохиролцож” байж өөрсдөө кноп дарж, дэмжиж, томилсон хүмүүс чинь шүү гэдгийг тодотгоё. Цэцэд улс төрийн томилгоо хийж болохгүй, мэргэжлийн хүн, нүдээ олсон томилгоо хийхийг,  Цэцийн гишүүдийнхээ томилгоонд анхаарахыг хуульчид төдийгүй энгийн хүмүүс ч хэлж, сануулаад байхад үл ойшоон томилсны чинь “гавьяа” нь энэ, Сангийн сайд аа, УИХ-ын гишүүд ээ. Борооны хойноос цув нөмрөв гэгчээр Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр нэгэнт гарчихсан, харин одоо яаралтай хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол жинхэнэ утгаараа төсвийн орлого тань буурах эрсдэл бий боллоо шүү, сайд нар аа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж