Ерөнхий сайд хуралдааныг орхиж, гурван сайдыг ёсчиллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хуралдааныг орхиж, гурван сайдыг ёсчиллоо

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна, гэхдээ тус хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орхиж гарлаа. Учир нь Ерөнхий сайдын Хятад улсыг зорих нислэгийн хугацаа тулсан тул үлдсэн сайд нарыг томилуулах асуудлыг Шадар сайд хариуцан үлдлээ.

Ингэхдээ Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарыг ёсчлуулж, тогтоолыг батлуулсны дараа хуралдааныг орхиж гарсан юм.

Харин Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг томилохыг дэмжиж гишүүдийн 91.7 хувь нь саналаа өглөө.

Түүнийг сайдаар томилогдохын өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд аа, гадаад яваад асуудал шийдэж байгаа нь хаа юм. Зөндөө л явж байгаа биз дээ.

Нэр дэвшигчээс асуухад 2015 оны төсвийн тодотголыг хэзээ УИХ-д оруулж ирэх вэ, бодлогын алдаануудаа яаж засах вэ?.  Эдийн засгийн хямралаас шалтгаалж аж ахуйн нэгжүүд хүнд байна, үүнээс ямар арга хэмжээ авч гарах вэ.

УИХ-ын гишүүн Б.Болор: Төсвийн тодотголыг зайлшгүй оруулж ирэх шаардлага байгаа. Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж хүндрэл бий болсон. Бүсээ чангалж, зардлаа бууруулах гарц бий.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Ерөнхий сайдаа, та сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлэлгүй хугацаа алдчихаад одоо болохоор яараад байдаг. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг бий.

Сангийн сайдад нэр дэвшигчид хандаж хэлэхэд, төрийн мэргэшсэн албыг тогтвор сууршилтай ажиллуулахад анхаараарай. Мэдлэг чадвар, дадлага туршлага, ажилласан байдлыг нь хараарай. Улс төрийн нүдээр харвал алдана шүү. Үе үеийн Засгийн газар системтэйгээр бэлтгэж, ажилуулж ирсэн, үүнийг хадгалж үлдээрэй.

Явцуу хэсэг бүлгийнхний үзлээр асуудалд хандаж болохгүй. Векселиэс болж одоо ямар их зүйл болж байгааг хэвлэлээр их бичиж байгаа, энэ чинь залгамж халааг өөрчилсөнтэй холбоотой.

Улс төрийн албыг төрийн албанаас тусад нь авч яваарай. Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллаарай. Дубайн гэрээний хууль бус заалтыг биелүүлэх гэж, сайн хүн болох гэж битгий ажиллаарай. Дубайн гэрээнд ноцтой таван заалт бий, монголчуудад хохиролтой гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж