Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 250 дурсгалт газрууд өрсөлдсөнөөс Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр /2019.10.30/ зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрууд уг хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express болон Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам.долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүдээ хэрэгжүүлэх аж.
“Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019 онд Чойжин ламын сүм музейн барилгын нөхцөл байдлын судалгааг хийж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм байна. Энэ хүчин чармайлтыг дэмжиж тус сангаас Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчирч, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа болон олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулах болжээ.
Их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд зуу гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей байрладаг. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав олноо Чойжин лам хэмээн танигдсан бөгөөд 1904-1908 онд энэхүү сүмийг өөрийнхөө нэрээр нэрлэн, байгуулсан түүхтэй. Сүсэгтэн олны дунд “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны түүх, соёлын хосгүй үнэт өвийг нэг Чойжин ламын сүм музейг хотын түүхэн барилгуудын нэг юм.
Чойжин ламын сүм музей Ямпай буюу Халх хаалга, Махаранз сүм, Хүндэтгэлийн хаалга, Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүм, Занхан сүм, Зуу сүм, Ядам сүм, Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалангийн сүм гэсэн зургаан сүм, таван хүндэтгэлийн хаалгатай. Түүхэн эх сурвалж болох гэрэл зурагт тус музейн зүүн талд нь VIII Богд Жавзандамба, Лувсанхайдав хутагт нарын номын багш Хүрээний Хамба Номун хан Балданчоймболын шарилын сүм буюу гүдингийн сүм хэмээх уран нарийн хийцтэй, хоёр давхар сүм байсан бөгөөд музейн чанх хойно Авга дацан хэмээх салбар дацан байжээ.
Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн түүхтэй.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ