Данийн Эрчим хүчний агентлаг “Nord Stream 2” буюу “Умардын урсгал-2” хийн хоолойг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дайруулан барих зөвшөөрөл олгожээ. Энэ талаар тус агентлагийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Тус мэдэгдэлд “Nord Stream 2 AG” компани Дани улсын нутаг дэвсгэрээр дайруулан хий дамжуулах хоолой барих зөвшөөрөл авлаа” гэжээ.
Дани улс нь “Умардын урсгал 2” буюу Европ руу тавьж буй хийн хоолойн бүтээн байгуулалтыг ганцаараа зөвшөөрөөгүй байв. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак өмнө нь Дани улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой татах зөвшөөрөл авах боломжтойг тэмдэглэжээ.
"Газпром" компани аравдугаар сарын 2-ны өдөр “Балтийн тэнгисийн ёроолоор “Умардын урсгал 2” хий дамжуулах хоолойн 2042 км урт хэсгийг тавиад байна. Шинэ бүтээн байгуулалт барих үйл явц 83 хувьтай явагдаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. Уг төсөл жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Төслийг хэрэгжүүлэхэд 9.5 тэрбум евро зарцуулагдана гэж үзэж байгаа бөгөөд хоолойг энэ оны сүүлчээр барьж дуусгах төлөвтэй байгаа аж.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд Германы “Uniper и Wintershall”, Австрийн “OMV”, Францын “Engie” зэрэг Европын компаниуд "Газпром" компанитай хамтран ажиллаж буй бөгөөд эдгээр компаниуд төслийн 50 хувийг санхүүжүүлж буй юм байна.
Эх сурвалж: RT, TASS
Холбоотой мэдээ