Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Виз олголтын "но"-г илчилсэн 800 Хятад

Улаанбаатар хотод байршилтай дөрвөн зочид буудалд  тагнуул, цагдаагийнхан уржигдар шөнө /2019.10.29/ гүйцэтгэх ажиллагаа явуулж, өндөр үзүүлэлттэй 1000 ширхэг компьютер, 10 мянган ухаалаг гар утсаар “зэвсэглэсэн” 800 гаруй иргэнийг саатуулсан нь Хятадын кибер бүлэглэл нэвтэрсэн байсныг илрүүлэв үү гэх дуулианд хөтлөв. Нийслэлчүүд энэ шөнө цурам хийсэнгүй ээ. Үндэсний дата төв, төрийн байгууллагын цахим сан, банкууд халдлагад өртөөгүй биз гэх анхааруулгыг нийтийн сүлжээнд түгээж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэх ёстойг ч сануулаад амжлаа.

Монгол Улс цахим халдлагад өртөх эрсдэлтэй орны тоонд нэрлэгдсээр ирсэн нь болгоомжлол төрүүлсэн нь энэ.

Харин Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэлийн тайлбараар Хятад иргэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Монголд нэвтэрсээр уржигдар 800-д хүрч, цахим ертөнцөд нэвтрэх мэдээлэл авагдсан тул аюулгүй байдлыг хангах зорилгоор гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Тэд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх  зорилгоор Монголд ирсэн гэдгээ хүлээсэн бөгөөд энэ ажлыг Хятад улсын дөрөв, Монголын нэг иргэн гардаж зохион байгуулсан нь тогтоогдоод байна. Хураагдсан бүх кардыг шалгах ажиллагааг Тагнуул, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эхлүүлжээ.

Хамгийн ноцтой нь, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээр орж ирсэн эдгээр 800 иргэдэд хаанаас виз олгов гэдэг асуудал хөндөгдөхөд  Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хамаарах асуудал биш байв. Учир нь тэдэнд жуулчин болон бизнес ангиллын визийг Хөх хот дахь Монголын Ерөнхий консулын газар, Эрээн хотын Ерөнхий консулын газраас ихэвчлэн олгожээ.

Мөн Засгийн газар 2018 оны тавдугаар сарын 23-нд  Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн баталснаар тухайн оныхоо долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Үүнд:

2.1 Дипломат албан зэргийн бүх төрлийн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  15.1.4-т заасан “О”, 15.1.5-д заасан “В” ангиллын 30 хүртэлх хоногийн орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визийн зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад визийн зөвшөөрлийг гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.

4.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т заасны дагуу Монгол Улсад албан хэргээр оршин суух болон түр ирэх, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага виз, визийн зөвшөөрөл олгоно.

4.2. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд зохих визийг олгож болно.

4.3. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй улсаас ирж байгаа гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд олон улсын хилийн боомт дээр “орох” виз олгож болно.

4.4. Хилийн боомтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д зааснаас бусад Монгол Улсад оршин суугч гадаадын иргэнд уригчийн хүсэлтийг үндэслэн “гарах орох” виз олгож болно.

4.5. Дамжин өнгөрөх визийг хилийн боомт дээр тухайн гадаад иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн олгоно.

4.6. Аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1.7-д заасан “J” ангиллын визийг олгож болно гэж зааж өгчээ.

Их, дээд сургууль, сургалтын төвд багшлах гадаад иргэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд виз мэдүүлдэг эрх зүйн орчин ч мөрдөгдөж байна.

Өөрөөр хэлбэл, виз олголт олон толгойтой, нэгдсэн бүртгэлгүйгээс хэн, хэдийд ямар ангиллын визээр Монголд орж ирсэн бэ гэдгийг хянах боломж алга.

Жишээ татвал, Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газраас олгосон визийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь мэдэхгүй, Хил хамгаалах ерөнхий газраас олгосон визийн зөвшөөрөл мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт мэдэгдэхгүй. Зөвхөн ажиллах хүчний виз авсан иргэд л Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт  бүртгэлтэй байна.

Хууль эрх зүйн энэхүү “цоорхой”-г тэд ашиглав уу гэлтэй,  800-гаараа нэвтэрсэн нь энэ.  Гэтэл Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-аас саарал жагсаалтын тамга даруулчихаад байгаа хэр нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхээр орж ирсэн гадаад иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл саатуулах байр ч байхгүй мухардацгааж сууна. Зөвхөн энэ хэргийг зохион байгуулсан гэх таван хүн тойрч хариуцлага яригдах нь. Ийм байхад саарал жагсаалтаас гарч чадах уу.

Нөгөөтэйгүүр, Монголын 2.5 сая иргэн ухаалаг утас хэрэглэдэг, 2.2 сая иргэн фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч гэх бардамналын ард үүрэн холбооны оператор компаниуд сим картыг ТҮЦ-ээр зарах нь холгүй ашгийн хойноос хөөцөлдөж, сонгуульд нэр дэвшигчид нь сонгогчиддоо чихэр тарааж буй аятай дугаар "цацдаг" нь 30 мянга гаруй дугаарыг хэн ашигладаг нь тодорхойгүй бүртгэлгүй болгожээ. Гэтэл цахим халдлагыг ухаалаг утсаараа дамжуулан хийх бүрэн боломжтой.

Хэдийгээр дээрх Хятад иргэд цахим гэмт хэрэг үйлдээгүй байж болох ч өндөр үзүүлэлттэй 1000 ширхэг компьютер, 10 мянган ухаалаг гар утсыг ашиглаж, Монголын цахим орчныг удирдаж байсан бол яах вэ?. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтад орсон тэд олон зуун хуурамч хаяг, аккаунт ашиглан сошиалаар нийгмийг давалгаалуулж, монголчуудын тархийг угаах, цаашлаад Монгол төрийн бодлогод нөлөөлөх оролдлого хийсэн бол яах вэ.

Ирэх жил УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үеэр цахим орчинд “дайн дэгдэж” монголчуудыг монголчуудаар нь даруулах бодлого хэрэгжүүлэх зорилготой байсан бол яах вэ. Одоогоор таамаг хэдий ч эрх зүйн орчин ийм нөхцөлд хүргэхгүй гэх баталгаа алга.

Яаралтай Гадаадын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчилж, хүлээлгэх хариуцлагагыг тодорхой болгож, Засгийн газар виз олголтын журмаа хяналттай болгохгүй бол дараагийн 800 иргэн нэвтрэх ээлжээ хүлээн суухыг үгүйсгэх аргагүй юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж