Канад улсын Ванкувер хотын "Vancouver film school"-ыг телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгссөн, англи, испани хэлтэй шинэ залуу жүжигчин А.Бадамлянхуатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Cool аав” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Шинэ залуу жүжигчин бүсгүй өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг А.Бадамлянхуа гэдэг. Одоо 22 настай. Би Канад улсын Ванкувер хотын "Vancouver film school"-ыг телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгссөн. Мөн тэнд бизнес менежментийн чиглэлээр суралцсан байгаа. Эх орондоо өнгөрөгч дөрөвдүгээр сард ирлээ. Хоёр долоо хоногийн өмнө Монгол дахь олон улсын зар сурталчилгааны Франц компанид ажилд орсон. Миний хувьд уран бүтээл, ажил хоёроо аль алийг нь амжуулах гээд л хичээж явна.
-Ажлынхаа хажуугаар “Cool аав” хэмээх уран сайхны кинонд тоглоод завгүй явна гэж байсан. Энэ кинонд тоглох болсон тухайгаа яриач?
-Монголдоо ирээд анхныхаа гол дүрийн уран сайхны кинондоо тоглолоо. Сэтгэгдэл маш сайхан байна. Анх эх орондоо ирэхэд Монголд “Hollywood in Mongolia” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль болж байсан. Тэр фестивальд оролцож, олон сайхан уран бүтээлч, найруулагч болон продюсеруудтай танилцсан. Дараагаар нь ажлын шугамаар жүжигчин, найруулагч Г.Анхбаяр ахтай танилцаж, намайг “Огтлолцол” уран сайхны киноны туслах дүр дээр авч ажлуулсан. Энэ киноныхоо багийнхантайгаа танилцаж, олон сайхан найзтай болсон.
Үүний дараагаар “Оранж” энтертэйнмент болон Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү ахын “Хүүк” фильмийн хамтарсан “Cool аав” уран сайхны кинонд тоглох боломж олдсон. Уг киноны нээлт арваннэгдүгээр сарын 8-нд болно.
Ер нь хөнгөн сэдэвтэй, инээдмийн уран сайхны кино. Аав нь хоёр охиныгоо бага байхад нь амьдрахын тулд хаяж явсан. Тэгээд олон жилийн дараа охид дээрээ буцаж ирээд хамт амьдрахын тулд багагүй адал явдал өрнөнө.
-Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байв. Хүндрэлтэй эсвэл хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
– Миний хувьд гадаадад байхдаа огт монгол хэлээр ярьдаггүй байсан. Багаасаа англи хэлээр яриад сурчихсан. Тэгсэн эх орондоо ирээд кинонд тоглосон чинь найруулагч Д.Галбаяр ах маань намайг “Аялгатай ярьж байна” гэсэн. Тийм учраас би хамгийн түрүүнд ярианыхаа аялга дээр их анхаарах хэрэгтэй болсон. Саяхан урьдчилсан байдлаар киноныхоо хар монтажийг үзэхэд миний ярианд аялга сонсогдож байсан. Ямар ч байсан энэ удаагийн киноноос маш их зүйлийг сурлаа. Киноны гол дүр байна гэдэг тийм амар биш юм байна лээ.
-Гадаадад олон жил амьдарсан гэж сонссон. Хэдэн жил гадаадад амьдарч, суралцсан бэ?
-Намайг бага байхад эгч маань АНУ-д суралцахаар явж байсан. Би тэр үед эгч дээрээ зун болгон очдог байсан. Миний хувьд 12 настайгаасаа хойш жүжигчин болох мөрөөдөлтэй болсон л доо. Кино үзэх их дуртай хүүхэд байсан. Тэгээд 17 насандаа Канад улсын Ванкувер хотын "Vancouver film school" сургууль руу суралцах хүсэлтээ явуулж, телевиз киноны жүжигчин мэргэжлээр 2.5 жил суралцахаар болсон юм. Би Канад улсад анх үнэхээр баяртайгаар очиж, эхний нэг жил соёлын шок болж байлаа. Хэдийгээр англи хэлээр ярьдаг ч гэсэн өөр улс оронд өөр соёл иргэншил байдаг угтдаг шүү дээ.
Тухайн үед сургуульдаа суралцаж байхад Канадын Ванкувер хотноо 10 гаруй монгол оюутан суралцаж байсан. Миний хувьд суралцахын хажуугаар тэндээ ажил хийнэ. Үргэлжлүүлээд бизнесийн менежмент чиглэлээр суралцсан болохоор нэлээд завгүй цаг хугацааг өнгөрүүлсэн. Дараагаар нь 2017 онд Мексик улсад англи хэлний багшаар ажиллаж, нэг жил амьдарсан. Мексик бол үнэхээр сайхан орон байсан. Ард иргэд нь их найрсаг, испани хэл бас сонирхолтой хэл санагдсан. Нийтдээ таван жил гаднын оронд суралцаж, ажиллаж байгаад эх орондоо ирсэн.
-Тэгэхээр англи, испани хэлээр ярьдаг гэсэн үг үү?
-Тийм. Испани хэлээр англи хэл шигээ чөлөөтэй ярьж чадахгүй. Гэхдээ бол ойлгочихно. Одоо яриандаа тогтмол хэрэглэхгүй байгаа учраас мартах гээд байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Миний хувьд чөлөөт цаг гарвал аль болох хүүхэдтэйгээ хамт байхыг эрхэмлэдэг. Монголд ирсэн даруйдаа л хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх газар, гоё орчныг судалдаг.
-Эх орондоо ирээд ээж болсон юм уу. Найз залуугаа танилцуулж болох уу?
-Үгүй. Би Канад улсад хүүхдээ төрүүлсэн. Хүүхэд маань Канад улсын иргэншилтэй. Би ойрын хэдэн жилдээ Монголдоо суурьшина гэж бодож байгаа. Манай нөхөр Мексикт ажиллаж, амьдардаг. Бид хоёр Ванкувер хотын "Vancouver film school" сургуульд суралцаж байхдаа танилцсан. Найз залуу маань киноны нүүр хувиргалтын чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа. Арай л эрт хүүхэдтэй болсноос гадна уран бүтээлч хүн мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэл байна шүү дээ. Миний хувьд Мексикт англи хэлний багшаар ажиллахаас илүүтэй эх орондоо мэргэжлээрээ ажиллахыг хүссэн. Тийм учраас одоохондоо тусдаа амьдарч байгаа.
-Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аавыг маань Х.Алтанцацралт гэж хүн бий. Монголдоо органик хүнсний ногооны бизнес эрхэлдэг. Харин ээж минь хуульч мэргэжилтэй. Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад байгаа.
-Эх орондоо эргэн ирэхэд улс маань хэр хөгжсөн байна вэ?
-Миний хувьд ид суралцах, хөгжих цаг хугацаагаа Канад улсад өнгөрүүлсэн шүү дээ. Гадаадад суралцаад эх орондоо буцаж ирэхэд маш сайхан санагдаж байсан. Улаанбаатар хотод маань өндөр барилга, байгууламж олноор нэмэгдсэн байна. Залуус ч гэсэн сурч боловсрохдоо анхаарч, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг болсон нь анзаарагдсан. Би зөвхөн сайн сайхан талаас гадна муухай байдлыг нь ч гэсэн анзаарна.
Өнгөрсөн жил эх орондоо хүүтэйгээ хоёр сар болсон. Хүү маань найм, есхөн сартай байсан учраас тэргэн дээр суудаг байсан. Нялх хүүхэдтэй ээжүүдийн хувьд гадуур тэрэгтэй алхаж, салхилахад хэцүү юм шиг санагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн алхдаг зам ч ялгаагүй. Хотын төв хэсэгт харьцангуй алхах талбайтай ч бусад хороололд тийм орчин хомс байна. Хаана ч очсон тоос шороо ихтэй. Гэхдээ би эх орноо муу хэлэхийг хүсээгүй. Залуус бидний хувьд өөрчлөлт хийж, хамтдаа эх орноо хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд төгс хүн ч биш. “Биеэ засаад гэрээ зас” гэдэгчлэн би өөрийгөө засахыг л хичээж явна.
-Монголдоо ирээд удалгүй Зара Лаяла гэдэг нэр авсан шүү дээ. Брэндээр гоёх дуртай бүсгүй юу?
-Анх эх орондоо ирээд янз бүрийн хэвлэлд ярилцлага өгч үзээгүй. Хэдий жүжигчний мэргэжлээр суралцсан ч гэсэн тайзны айдас гэж байдаг. Тухайн үед “Огтлолцол” киноны нээлтээр хүү маань намайг харчихаад уйлаад болдоггүй. Тэгээд нээлт эхлэх гээд эгчдээ хүүгээ өгчихөөд эргээд харсан чинь “Хэдийнбээ”-гийн хөтлөгч залуу таарсан. Тэгээд нэлээд сандарсан байдалтай асуултад нь хариулснаас ийм нэр авсан.
Миний хувьд фэйшнд дуртай. Янз бүрийн брэндүүдэд ч дуртай. Брэнд биш ч хувцас өмсдөг. Канад улсад гэхэд хуучин хувцасны томоохон дэлгүүрүүд байдаг. Би энэ дэлгүүрүүдээр үйлчлүүлж байсан. Хамгийн гол нь брэнд байна уу, биш ч байна уу ямар ч хувцасыг зохицуулж өмсч чадвал тэр чинь фэйшн. Заавал брэнд өмссөнөөр загварлаг харагдана гэж боддоггүй. Хүн биедээ зохицсон хувцас өмсөхөд л хангалттай.
-Канад улсад мэргэжлээрээ ажиллах санал хүлээн авч байсан уу?
-Тэнд сурч байхдаа сургуулийнхаа л арга хэмжээнд оролцдог байсан. Хэд хэдэн агентлагуудаас санал ирсэн боловч жүжигчин мэргэжлээрээ сургуулиа төгсөөд дараагаар нь үргэлжлүүлэн бизнес менежментээр сурсан учраас цаг зав гараагүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд үе тэнгийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Миний хувьд туршлага ярих хэмжээнд очоогүй ч одоо анзаараад байхад зарим залуус маань үзэл бодлоо илэрхийлэхдээ хаагдмал байдаг. Нэг үг хэлчихвэл хэн юу гэж хэлэх бол гээд л. Залуус маань өөрийнхөөрөө байж, нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлээсэй. Над руу олон охид мессеж бичиж, ханддаг. Бид бие биенээ муулахаас илүүтэй урдах ажлаа хариуцлагатай хийгээд амжилт гаргаасай гэж хүсдэг.