"Хүүе, наана чинь машин!" гэх дуунаар эргэн харвал “хөөрхөн” жижигхэн машин байна. Яг л хүүхдийн тоглоом шиг. Хажуугаар хог цэвэрлээд өнгөрөв. Бие жижиг ч бэлчээр том ажээ. Хотын гудамж, зам талбай, хажуугийн хашлага бүгдийг нь тэр цэвэрлэж харагдав. Хог шүүрдэнэ, навч сорно, ус цацна, цас цэвэрлэнэ гээд олон үйлдэлтэй. Ядарч залхуурна, өлсөж даарна гэж үгүй. Зөвхөн шатахуун байхад л болоо.
Энэ бол Нийслэлийн хот тохижилтын газрын хог цэвэрлэх бичил төхөөрөмж. Өнгөрсөн зургадугаар сараас энэ машиныг нийслэлийн хог цэвэрлэгээнд ашиглах болжээ.
Ингэснээр тохижилт үйлчилгээний албаны ажилчдын ажил 50 хувь хөнгөрчээ. Бараг өөр шигээ өндөртэй хогны ногоон сав өвөл, зунгүй чирээд явдаг тэдний хувьд энэ бол ажлын бүтээмж сайжрах нэг үндэс.
Ядаж л машин дайрчих вий гэсэн айдасгүй ажлаа хийдэг болсон талаар Нийслэлийн хот тохижилтын газрын ОНӨААТҮГ-ийн ажилчин Н.Санжаасүрэн ярилаа.
-Та тохижилт, үйлчилгээний албанд ажиллаад хэдэн жил болж байна, цэвэрлэгээ аль хүртэл хийх вэ?
-Би энд ажиллаад зургаан жил болж байна. Миний цэвэрлэх талбай Төв номын сангаас хойшоо Барилгачдын талбай хүртэл нийт 3 км газар байдаг. Өглөө 04.00 цагаас орой 16.00 цаг хүртэл цэвэрлэнэ.
-Өмнө нь хогийн сав, шүүрээ бариад явж цэвэрлэдэг байхад ямар бэрхшээл тулгардаг байв?
-Ялангуяа өвлийн хүйтэнд хэцүү л дээ. Даарна, хөрнө, дээр нь машин хажуугаас дайрчих гээд их л айдастай ажлаа хийдэг байлаа. Хол газар ногоон саваа чирээд л зун нь хөлс гоожоод, өвөл нь даараад их хэцүү. Хүмүүсийн зан чанар их танигдана. Зарим нь хүндэлж ойлгоно, зарим нь орилж, хашгична, хогоо хамаагүй хаяна.
-Одоо машинаар хогоо цэвэрлэж байна. Байдал өөрчлөгдөв үү?
-Юу ярина вэ, одоо “жаргаж” байна шүү дээ.
Бяцхан хамтрагчтай болчихсон, сайхан байна. Энэ миний ажилчин, харин би “дарга нь”. Команд өгнө, тэр бүгдийг нь хийнэ.
Өмнө нь цэвэрлэгч байлаа, одоо жолооч, бүр дарга болчихлоо шүү дээ (инээв). Бид хоёрыг хүмүүс их ойлгоно. Замаа цэвэрлээд явж байхад жолооч нар зам тавьж өгнө. Хүүхдүүд их шохоорхож, сонирхож харна. Тоглоом шиг харагддаг биз. Нэг хүүхэд “ах аа, би унаад үзье, тэгэх үү?” гэж хүртэл асууж байсан. Бие жижиг ч бэлчээр том шүү. Бидний ажлын бараг 50 хувийг хөнгөлж байгаа.
Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт, үйлчилгээний алба 15 бригадын нийт 200 гаруй хүнтэй. Зам талбай цэвэрлэх бага оврын 20 ширхэг машин байна. Нэг бригадад 1-2 машин ногдож байгаа гэсэн үг. Тухайлбал, нэгдүгээр бригад нэг мастер, зам талбайн 18 үйлчлэгчтэй, хоёр машинтай. Өнгөрсөн зун ажилчдаа сургалтад суулгаж, машин барих эрхийн үнэмлэх олгожээ. Бид энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт, үйлчилгээний албаны нэгдүгээр бригадын мастер С.Жаргалсайханаас тодрууллаа.
-Танай бригад нийт хэдэн км газар цэвэрлэдэг вэ, хог хэр их гарч байна?
-Манай бригад 25-р эмийн сангаас Офицерийн ордон хүртэл нийт 8,2 км зам цэвэрлэдэг. Эндээс өдөр бүр ойролцоогоор 8 тонн хог гардаг. Ихэвчлэн цаас, тамхины иш, сул шороо гарна. Үүнийг бага оврын машинаар сорж, түүгээд тусгай том хогийн саванд хийдэг. Дараа нь хог тээврийн машин өдөрт доод тал нь хоёр удаа эргэлт хийж хогийн цэг дээр асгаж байна.
Бага оврын машинтай болсноос хойш ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдсэн. Манай ажилчид ч урамтай байна.
Одоо зам талбайн үйлчлэгч нар маань хананаас хананы хоорондын цэвэрлэгээ, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ, хогийн саваа суллах ажлаа хийж байгаа. Бусад ажлыг бага оврын машин гүйцэтгэж байна. Хүн гараар шүүрдэхгүй механикаар хог авч байгаа учраас мэдээж давуу тал их байна.
-Шатахуун хэрэглээ болон эвдрэл гэмтлийн хувьд хэр вэ?
-Хоёр машиныг бид өдөрт 50 мянгад шатахуунаар цэнэглэдэг. Ачилт бага үед хоёр өдөр явчихна. Ихтэй үед өдрийн талдаа яваад орой буухдаа цэнэглэдэг. Хэрэглэж эхэлснээс хойш эвдрээгүй. Эвдэрсэн тохиолдолд засах боломжтой.
-Энэ машинаар өвөл цас шүүрдэж болно гэв үү?
-Тийм. Цас орсоны дараа хальтиргаа үүсэхээс өмнө цасаа шүүрдэж болно. Энэ өвөл анх удаа хэрэглэнэ. Анхны цаснаар яаж ажиллах нь мэдэгдэнэ дээ.
-Бага оврын машин хэрэглэхээс эхлээд ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр анхаарч байгаа юм байна. Харин хотын цэвэрлэгээ үйлчилгээнд гардаг хүндрэл бий юу?
-Бидний цэвэрлэдэг Энхтайваны өргөн чөлөө аж, ахуй нэгж ихтэй. Тэд хогоо зориулалтынх нь газар хаяхгүй байна. Тухайн байгууллагын үүдэн дээр байгаа жижиг хогийн савыг гудамжаар зорчих иргэдэд зориулсан байдаг. Гэтэл аж, ахуй нэгжүүд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан хогоо тэр жижиг хогийн савын хажууд овоолоод хаячихдаг. Уг нь дүүрэг, хорооныхоо хог тээврийнхээ гэрээг хийчихсэн байгаа шүү дээ. Гэрээний дагуу байгууллагад заасан цэг гэж бий. Тэнд хогоо хаях ёстой юм. Ийм л хүндрэл байна. Харин иргэд бол сүүлийн үед хогоо ил, задгай хаях нь багассан. Илүү соёлтой болж байгаад бид талархдаг.
Нийслэлийн хот тохижилтын газар ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг байна. Сард 800 мянган төгрөгийн цалинтай, дээр нь нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамруулахаас гадна шилдэг ажилчдаа гадаад руу аялуулдаг аж. Саяхан Нийслэлийн 380 жилийн ойгоор Хот тохижуулах газрын найман хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа ёслол төгөлдөр хийж буйг бид сурвалжлан хүргэсэн.
Мөн гурав хоногийн өмнө тус газрын хог тээврийн машины жолооч Д.Шаравдоржийг төр үнэлэн Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор шагнасан билээ. Тэрбээр улсад тасралтгүй 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг халамжлан хүмүүжүүлж, сурган дадлагажуулжээ.
Энэ мэт Нийслэлийн хот тохижуулах газрын ажилчид урам, зоригтой, амжилт дүүрэн байна. Алив, бяцхан хамтрагч минь урагшаа!
Холбоотой мэдээ