УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцууллаа.
Дээрх асуудалтай холбогдуулж, гишүүд Ерөнхий сайд болон Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нараас асуулт асууж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Эсэргүүцэж байсан хүмүүс давхар дээл өмсөж сайд болж байна. Эдийн засгийн хямралтай үед аж ахуйн чадвар муутай, эх орноо гэсэн сэтгэл муутай хүний харьяанд ажиллах гэж байгаагаа мэдэж байгаа юу, сайдад нэр дэвшигчид ээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг улам муутгасан, 5 хан хувийн ашиг хүртэж байна. Далд уурхайн зардлыг 3-4 дахин нэмчихлээ, ийм байхад Оюутолгойгоос яаж ашиг хүртэх юм бэ. 2016 оноос Монгол Улс 3 их наяд төгрөгийн өр төлнө, 2017 оноос 6 их наядын өр төлнө. Улсын төсвийн 100 хувьтай тэнцэх өр төлнө.
Ц.Оюунбаатар гишүүнийг Шадар сайдад дэмжиж байна, мэргэжил шаарддаггүй, ажлын дадлага туршлага шаарддаг. Гэхдээ ган гачиг, боллоо, хадлан тэжээлээ санасанд хэмжээнд бэлтгэж чадсангүй. Зуд болж магадгүй. Үүнээс гадна хариуцлагын зуд их болсон. Мэргэжлийн хяналтыг хэрхэн хариуцлагын зудын эсрэг ажиллуулах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллана. Зуд бүү болоосой гэж бодож байна, гэхдээ бэлэн бэлтгэлтэй байх үүргийг хангуулна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Шударга ёс эвсэл 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө “Ард түмний байгалийн баялгийг гадаадынхантай хуйвалдаж, цөлмөж байгаа явдлын эсрэг тэмцэнэ гэж хэлээд Таван хувьсгал хөтөлбөр дэвшүүлсэн. Ард түмэн Шударга ёсын энэ амлалтыг асуудаг юм. Монголын ард түмэн УИХ-д байгаа 10 хүнийг харж биш, энэ баримт бичгийг хараад 23 хувийн санал өгсөн. Харамсалтай нь, Монголыг зарсан энэ Засагт хамтарч байгаа чинь баримт бичгээ үгүйсгэсэн хэрэг болж байна. Яг өнөөдрийн энэ тохиолдолд Дубайн гэрээг зарсан, Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг тавиад туучихсан, улсаа өрөнд оруулчихсан Ерөнхий сайдын доор ажиллах зарчим чинь юу юм бэ?.
Надад арга зааж өгөөч, тойрогт ажиллахаар сонгогчиддоо юу гэж хэлэх вэ?.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: -Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Тавантолгой, Оюутолгой дээр зөрчил бий, хуулийн ч асуудал бий. Ухаалаг замаар, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх замаар биш, алхам алхмаар урагшлуулах ёстой. Хөрөнгө оруулагч болоод Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой. Алдааг засах ёстой. Сайд болоод 180 градус өөрчилчихнө гэж чадахгүй, Тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана.
Сайханбилэгийн Засгийн газар гэхээс илүүтэй Монголын Засгийн газарт ажиллаж байгаа, ард иргэдийн шүүмжллэийг засч залруулахын төлөө ажиллана. Чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ. Шадар сайдын алба бол шагнал биш. Хариуцлага үүрүүллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Х.Болорчулуун гишүүн ээ, Оюутолгойн гүний уурхайн асуудал зургаан сайдтай холбоогүй. 1.2 тэрбум ам.долларын хэтрүүлэг гарсан, маш олон давуу талыг бүтээн байгуулалттай холбоотойгоор хийсэн.
Оюутолгойн төсөл яваагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн.
Таниас илүү эх орондоо хайртай учраас Оюутолгой дээр шийдвэрээ гарсан. Үүн дээр УИХ-ын, Х.Болорчулуун гишүүний зөвшөөрөл авах шаардлагагүй. 2009 онд гэрээ нь зурагдсан, үр ашгаа олон олон жил өгөх байх. Үг хэлээ нэг болго. Ард нь алдаж байгаа 3.2 тэрбумын хариуцлагыг хэн үүрэх юм. Миний үгийг дуугай сонсоод суу. Оюутолгойн асуудлыг тусад нь ярина. Та нарын ганцхан сэдэв энэ.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Сайдын томилгоо Оюутолгойн гэрээтэй салшгүй холбоотой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхийлөгч энэ зургаан нэр дэвшигчийг дэмжихгүй дахин зөвшилцөнө үү гэсэн. Тэгэхэд яаж байгаа юм бэ. Оруулж ирж байгаа хүмүүсийг хараад гайхаад барахгүй нь. Хямрал хүндрэлээс салбараа яаж ийгээд аваад гарчих ажлын дадлага туршлагатай хүнийг санал болгож болоогүй юм уу. Хэтэрлээ гэхэд хэтэрлээ. Шударга ёс эвслийн бүлгийнхнээс О.Баасанхүү, Г.Уянга хоёроос бусад нь сайд боллоо. Дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо ороход энэ хоёр сайд болох юм уу. Томилгоог дэмжихгүй харамсаж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ