УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.7 хувь дэмжсэнээр баталлаа.
Үүний өмнө Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гишүүд асуулт асууж, бас саналаа хэллээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна.
Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай. Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай.
Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй. Нөгөө намынхнаар дүүрсэн байна гээд бүгдийг хусав” гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ