Хаалттай хуралдааны протоколыг ил болгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдааны протоколыг ил болгохыг хүсэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн ч шийдвэр гаргаж чадалгүй хуралдаанаа өндөрлүүллээ. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Авлигын хэрэгтэй холбоотойгоор 350 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэдэг асуудал ярьж байгаа. Ийм хохирол учруулсан хүмүүсийг нэртэй нь зарла. Үүний дараа хоригийг хэлэлцэх ёстой. Тиймээс бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэснийг хүлээн авлаа.

Хоригтой холбоотойгоор завсарлага авсныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэж “Ямаанаас тэмээний гарз гэдэг болно. Энэ асуудлыг шуурхай шийдээд иргэдээ суллах ажлыг Монголын төр хийх ёстой. Гоё нэртэй балиар хуулиас болж, завхрал үүсч байна” гэсэн юм. Үүнтэй УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ санал нэг байгаагаа илэрхийлж, тав хоног хүлээх нь байтугай, таван цаг хүлээхэд ч Өршөөлд хамрагдах жирийн иргэдийн хувьд хүнд тул, УИХ яаралтай шийдэх ёстой” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “УИХ буруу хууль баталснаас болж, ард иргэдээ хоёр тал болгон талцууллаа. Гэхдээ алдаагаа засах гээд оролдож байгаа нь зөв юм. Ер нь одоо өмнөх хаалттай хуралдааны протоколыг нээлттэй болгоё. Хэн юу гэж хэлснийг ард түмэн үзэг” гэв.

Энэ саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт дэмжиж “Протоколыг ил болгосноор Өршөөлийн хуультай холбоотойгоор хэн юу ярьж дэмжсэн, дэмжээгүй нь тодорхой болно. Ингэх нь зөв. Тэгэхгүй бол Ардчилсан нам нь ч, МАН нь ч хулгайч намынхаа хүмүүсийг өршөөх гээд байгаа юм шиг ойлголт төрүүлж, ард түмнийг хагаралдуулж байна. Нийгэм талцаж дууслаа. ийм байдалд цэг тавъя” гэж байлаа.

Хуульд зааснаар УИХ энэ чиглэлийн баримт, мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах бүрэн эрхтэй байдаг бололтой.

Мөн хориг хэлэлцэх шатанд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нарыг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн тул энэ асуудлын үнэн зөвийг олуулах хүсэлтэй байна гэдгээ Л.Болд гишүүн илэрхийлэв.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж