Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд юу гэж үзэв?

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд юу гэж үзэв?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхи нь авлига, хээл хахуулийн гэх хэдхэн хүний хэргээр барьцаалж энгийн иргэдийг хохироох, дахин багагүй хүлээлт үүсгэх эрсдлийг оновчтой аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэцгээж байсан юм. Ардчилсан нам/АН/, Монгол ардын нам/МАН/ Ерөнхийлөгчийн хоригийг үнэмлэхүй саналаар хүлээн авч, дэмжихээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч гишүүд энэхүү асуудалд өөр өөрийн байр суурийг илэрхийлэн багагүй маргаан үүсч, ширүүхэн үг хэлж, ховор баримтуудыг ч дэлгэж байлаа.

МАН-ын гишүүдийн зүгээс “АН анхнаасаа ямар ч бодлогогүйгээр хууль гаргаж, баталснаар ийнхүү ард иргэд талцаад байна. Иймээс энэхүү зуурсан бантангаа өөрсдөө шийдэх нь зүйтэй” гэсэн юм. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Өршөөлийн хуулийг АН дангаараа баталчихсан юм биш. Дэмжсэн гишүүдийн тоонд бүх намын төлөөлөл бий. Одоо манай нам, танай нам гэхээс илүүтэйгээр үүссэн нөхцөл байдлаа хэрхэн шийдэхээ ярилцъя” гэлээ.
Ингээд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд хэрхэн үзэж, хүлээж авч байгаа талаарх гишүүдийн байр суурийг хүргэе.


УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Цагдаа, Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага сөрөг байр суурьтай нөхдөө шалгаад сэжигтэн болгоод сурчихсан. Энэхүү улс төрийн зөрчил, хэлмэгдлээс гарах ганц арга зам нь Өршөөлийн хууль юм. Үнэндээ хээл, хахуулийн хэргээр хоригдож байгаа 40-өөд л хүн байгаа шүү дээ. Гэхдээ бүх авлига, хээл хахуулийн хэргийг шалгах ёстой. “Чингис бонд”, “Самурай бонд”-ын зарцуулалтыг ч шалгах ёстой. Одоо 1500 хүний шоронг 40 гаруй тэрбум төгрөгөөр барьж байна. Энэ бол 40 цэцэрлэг барих мөнгө. Ял эдлэж байгаа 2020 хүнийг өршөөгөөд суллалаа гэхэд 20 цэцэрлэг барих мөнгө сул ороод ирнэ. Н.Энхбаярын хэрэгт энэ хэрэг ямар ч хамаагүй. Хамгийн гол нь гарсан хэрэгт бүх анхаарлаа хандуулах бус гэмт хэрэг ялангуяа авлига, албан тушаалын хэрэг гарахаас сэргийлэх нь зүйтэй гэсэн юм. Үүнийг сонссон Х.Тэмүүжин гишүүн “Та нар ингэж улстөржиж, жүжиг тавихаа болих хэрэгтэй. Одоо ийм зүйл ярих байсан бол Эрүүгийн хуулийг батлах нь зүйтэй байсан” гэж байлаа.


УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу. Манай хуулийн байгууллага хохирогчгүй хэрэг дээр ажиллаад улмаар ялладаг. Прокурорын биед халдаагүй байхад минь намайг бүтэн найман сар шалгасан. Энэ бол хууль бус зүйл. Жирийн иргэд ийм зовлон туулж болохгүй.


УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Хориг гэдэг бол шийг тоглолт болж хувираад байна. Эдийн засгийн өршөөлийн хууль, Өршөөлийн тухай хууль бол ихэр хоёр хууль юм. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо цэвэр хөрс бэлтгэж авах юм. Өршөөлийн хуулийг УИХ-аас батлахдаа оруулалт нэмэлт хийгээгүй харин ч хасалтын журмаар явуулсан. Хоригийг хүлээж авах хэрэггүй.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийн байгууллага хэн нэгний, нам эвслийн захиалгаар ажиллаж, өс хонзон авах хэрэгсэл болсон нь 100 хувь УИХ-ын буруу. Авлигачдыг өршөөхгүй гэдгээр жирийн иргэдийг барьцаалж болохгүй. Эрүүгийн хуулиа яаралтай шинэчлэх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дахиж битгий ийм заваан юм хийгээрэй. Эрх баригч бүлэг энэ асуудлаа яриач ээ. Нэг нь завсарлага аваад явчихлаа. Одоо байтлаа суллагдах гэж байгаа ялтнуудыг хүртэл барьцаалдаг болох нь. Өвөл болох гэж байна. Өвлийн хувцас тавьж өгөхөөс эхлээд асуудал байна. Өршөөлийн ажил сар үргэлжилдэг процесс.  Ерөнхийлөгчийн хоригийг гоочлоод байх юмгүй. 9.1.3 гэдэг зүйл чинь 4.1, 4.7 хоёртоо хоёуланд нь орчихсон. Энэ хаалтаа хийгээд суллах хүмүүсээ хурдан сулла. Юм болгон дээр барьцаалж, юм болгон дээр гаарч болохгүй.  Удах тусмаа чинэрээд хэрэг төвөг гарах гээд асуудал үүснэ. Зардал чирэгдэл их гарна. Хүйтэн боллоо. Ер нь яагаад энэ амьдралаа бодож болдоггүй юм бэ. Арай дэндэж байна. Тэвчээр барагдаж байна. Аймаар юм хийсэн чинь үнэн шүү дээ, та нар. Аймаар юмны эсрэг тэмцэх гэж би УИХ-д сууж байгаа юм. Намайг баалах хэрэггүй. Намайг үг хэлүүлэхгүй гэж бодож байсан юм бол ийм хууль гаргах хэрэггүй шүү дээ. Ийм заваан хуйвалдаан болж байхад би Сайханбилэгийг энэ хуулийг татаж ав гээд дийлээгүй. Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй. Монголын эрх ашгаар дэнчин тавьж, Монголыг Монгол биш болгож, хэрэг хийхийг өөгшүүлэн урамшуулж болохгүй. Одоо зарим нь шагналаа авах гээд сууж байна. Үүнээс болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. Шударга ёсыг ард түмэн үгүйлээд байгаа хэрэг. Хоёр, гурван хоногийн дотор багтаж хуулиа гарга. Энхболд дарга аа, та бүр хойшлуулах юм яриад байх юм. Ингэж болохгүй.  Өршөөлийн хуулиар 1000-1200 хүн суллагддаг юм. Энэ хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ард түмэндээ тусал.


УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Ерөнхийлөгч шударга үг хэлдэг, УИХ нь авлига авдаг, өгдөг нөхдийг хаацайлдаг гэж талцахаас илүү хуулиараа бүх асуудлыг зохицуулах ёстой.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олонхигүй парламент, Засгийн газраа баталж чадахгүй намын зовлон. Монгол төр гадаад, дотоод хяналтын системтэй. Дотоод хяналтын системийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьлаа. Хулуинд засвар оруулаад хурдан батлах хэрэгтэй.


УИХ-ын дарга З.Энхболд: Өршөөлийн хуулийг ганцхан АН-ын гишүүд баталчихсан юм биш. Бүх намын гишүүд л дэмжиж, кноп дарсан шүү дээ. Өршөөлийн хуульд тавьсан хоригоор хоригдож байгаа болон шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөхөө больчихвол 160-хан хүн л өршөөгдөх юм. Тиймээс зайлшгүй засвар хэрэгтэй. Эрүүгийн хуулиа баталчихаад Өршөөлийн хуулиа эргэн харж батлах нь зүйтэй. Би өмнө нь ч энэ байр суурийг илэрхийлж байсан. Харин гишүүд намайг дэмжээгүй.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

– МАН-ын бүлгийн гишүүд энэ хуулийг чимээгүй дэмжсэн гэсэн яриа яваад байгаа. Хэрвээ хаалттай хуралдааны протоколыг ил болгочихвол хэн нь дэмжиж байсан, хэн нь эсэргүүцсэн, хэн нь ямар үг хэлж байсан нь олон нийтэд ил болно. Энэ хууль намаар нь, УИХ-ын гишүүдийг, ард түмнийг хуваасан хууль болсон. Мордохын хазгай гэдэг шиг болсон. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Ардын намын зургаан сайдыг хөөж гаргасан. АН "Шударга ёс" эвсэлтэй хамтарч засаг байгуулахаар тохирсон тохироо нь Өршөөлийн хууль байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлэх гэж үзсэн, эцэстээ ийм байдалд орж намаараа, нийгмээрээ хуваагдаж, улстөрчид нь шударга, шударга бусаараа хуваагдсан.  Тийм болохоор энэ асуудлаа хурдан цэгцэлье. Нийгэм талцаж дууслаа. Монгол Улс бүхэлдээ гадны оронд муухай харагдаж байна. УИХ ард түмнийхээ өмнө муухай харагдаж байна. Намууд бие биедээ муухай харагдаж байна. Энэ байдалд хурдан цэг тавья. УИХ-ын дарга Эрүүгийн хуулийн төслийг баталчихаад Өршөөлийн хуулиа ярья гэсэн санал гаргаж байна. Энэ хуулийг хүлээж байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, эцгүүд, ахмад настнууд, анх удаа санамсар болгоомжгүй хүмүүсийг яах юм. Энэ хүмүүс Өршөөлийн хуулийг хүлээж байна. Тиймээс ээлжит бус чуулган зарласан хугацаанд энэ хуулиа ярьж дуусгая. Засгийн газрын өргөн барьснаар Өршөөлийн хуулийг баталъя гэж анхнаасаа ярьж байсан. Гэтэл явцын дунд Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойд зориулж гэсэн гоё нэрийн дор муухай хууль гаргасан шүү дээ.


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хоригийг хүлээж авна гэдгээ манай бүлэг мэдэгдсэн. Анхнаас нь манай бүлэг авлига, албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжээгүй.  Энэ зунжингаа Өршөөлийн хуулийг тойроод монголын нийгмийг баллалаа. Тэртэй тэртэй тэргүй бухимдалтай байгаа хүмүүсийг бүр бухимдуулж орхилоо. Зургаан сайдыг хөөгөөд асуудлаа Ардын намгүйгээр аваад явна гэж Ардчилсан нам/АН/-ынхэн хэлээд байсан, гэтэл яав.

Төрийн гурван өндөрлөг АН-аас сонгогдсон. Ийм асуудал дээр бодлогоо нэгтгээд оруулж ирж чаддаггүй юм уу. Крыловын цурхай, хун, яст мэлхий шиг гурван тийшээ харчихсан байх юм. Ингэж монголын нийгэм, гишүүдийг талцуулж байх хэрэг юу байна. Олон нийтэд энэ чинь зөв харагдахгүй л байна.

Монголын нийгмийг талцуулаад, бүгдээрээ шударга болж харагдахын төлөө өрсөлдөөн яваад байх юм. Эхлээд АН хуулиа гаргачихсан мөртлөө дараа нь бүлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм. Та нар засаглаж чадахгүй байна гэдгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй. Яаж ч та нар өөрсдийгөө өмгөөлөөд чадахгүй байна. Ингэсээр байгаад бие биеийнхээ дээр гарах гэсээр байгаад монголын төрийг үрж дууслаа. Бодлогоо ер нь та нар зангидаж нэгтгэж чадахгүй байна. Үүний дараа юу болох бол, яах бол гэдгээ та нар харж чадахгүй дэврхэг шиг зүгээр л үсрээд байна. Аль намын ямар хүн өршөөлд хамрагдах гээд байгааг ил тод зарлах хэрэгтэй.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хэлмэгдүүлэлт үргэлжлэхгүй гэсэн баталгаа алга. Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүнийхээ нэрийг зарла. Нийтэд ил болго. Тэгсний дараа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс “Шударга ёс” эсвэл ажлын таван хоногийн завсарлага авч байна” гэж мэдэгдсэн юм. Ийнхүү “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжгүй боллоо.

Д.ЖАРГАЛ, Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж