Цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдэд боломж бий юу?

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдэд боломж бий юу?

2015-2016 оны хичээлийн жилд 116 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой байсан ч цэцэрлэг хүрэлцээгүй гэх шалтгаанаас болоод 27 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэхээр улсын төсөвт нэг их наяд төгрөг хэрэгтэй. Зургаан их наяд төгрөгтэй улсын төсвийн 15 орчим хувиар цэцэрлэг барих хэрэгтэй болно гэсэн үг. Үүнээс гадна цэцэрлэгийн хувьсах зардал болох 300 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй болдог гээд бодохоор “дэнчигнэж” байгаа төсөвтэй манай улсын тухайд ойрын жилүүдэд бараг л боломжгүй сонсогдож байгаа болов уу. Нэгэнт бүх хүүхдийг хамруулах цэцэрлэгийг жирийтэл барих мөнгө байхгүй тул цэцэрлэггүй хоцорсон, гэртээ цоожлогдон үлддэг хүүхдүүдэд зориулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аас баталсан. Хуульд зааснаар энэхүү үйлчилгээ ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих учиртай. Төрөөс байр, багш нарын зардлыг дааж, харин эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны зардал болох сарын 100 мянга орчим төгрөгийг төлөх юм. “Хүүхэд харах үйлчилгээ”-ны бэлтгэл ажлыг хангах зорилгоор төсөвт энэ ондоо багтаан 50 тэрбум төгрөг суулгах хэрэгтэй гэж хууль санаачлагчид мэдэгдсэн. Хэрэв эхний ээлжийн мөнгийг суулгаад өгчихвөл ирэх оноос эхлэн ямар нэгэн саадгүй хэрэгжиж эхэлнэ гэж үзэж байгаа бололтой. Хууль хэрэгжиж эхлэхийг цөөнгүй эцэг эхчүүд, үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд хүлээзнэж буй. Тиймээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхэд харах үйлчилгээнд дараах шаардлагыг тавина

“Хүүхэд харах үйлчилгээ”-г үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно. Гэхдээ тухайн байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байх шаардлагатай аж. Үүнд,

-Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх, зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах,

-Хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх, гэрт бол гал тогооны тусгай гэртэй байх,

-Гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх,

-Гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх,

-Байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.

Мөн байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байх шаардлагатай аж.

Хүүхэд харагч нь дээд боловсролтой, тусгай сургалтад хамрагдсан байх учиртай

Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн байх тухай хуулинд заажээ. Мөн халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг хүүхэд харагч нь таваас илүүгүй, нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд харах юм.

Улсын цэцэрлэгийн адилаар өдөрт хоёр удаа хүүхдүүдийг хооллох шаардлагатай

Гэрээр ажиллах цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарь нь хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн ажлын цаг, үйлчлүүлэх хэрэгцээнд нийцсэн байх нь нэн тэргүүний шаардлага юм. Мөн хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулж,  ажлын цаг нь өдөрт найман цагаас илүүгүй байх юм.

Мөн улсын цэцэрлэгийн адилаар өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайг хүүхдүүдэд өгөх ёстой аж.

Компьютер, гар утас тоглуулах, 60 минутаас илүү хугацаагаар телевиз үзүүлэхийг хориглоно

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байх үед дараах зүйлсийг хориглоно. Үүнд,

-Хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхих;

-Хүн амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах; 

-Хүүхэд харах үйлчилгээний байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах;

-Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах;

-Хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслэлээр тоглуулах

-Хүүхэд харах үйлчилгээнд шашны зан үйл, үйл ажиллагаа явуулах

-Хүүхэд харах үйлчилгээний байранд зөвшөөрөл авсан этгээдээс өөр гадны хүн нэвтрэх;

-Хүүхэд харагч хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэх зэргийг хатуу хориглох юм.

Ямартай ч дээрх журмын дагуу хууль хэрэгжиж эхлэхэд гуравхан сар үлдлээ. Цэцэрлэггүй хоцорсон 27 мянга орчим хүүхдийн эцэг, эх ирэх 2016 оноос хэрэгжиж эхлэх “Хүүхэд харах үйлчилгээ”-г ямар нэгэн саад бэрхшээлгүй, асуудалгүй, эрсдэлгүй хэрэгжиж эхлэхийг хүсч буй юм.

Д.ЖАРГАЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж