Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг ээлжит форум өнөөдөр /2019.10.30/ “Хэвлэлийн эрх чөлөө-Дижитал хувьсал” сэдвийн дор болж байна. Энэ удаагийн форумд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөл, холбогдох байгууллагууд оролцож салбарын өнөөгийн байдал, ялангуяа дижитал хувьслын эрин зуунд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлзүйн хараат бус, ёс зүйн асуудлыг хууль, эрхзүйн үүднээс хэрхэн хангах, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалт, бусад орнуудын туршлагын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛД ЦЕНЗУР ТАВИХГҮЙ СУУРЬ ЗАРЧМАА ХАДГАЛНА
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ дээр ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Хэвлэлийн эрх чөлөөний хууль иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг хангах, чөлөөт хэвлэлийг хамгаалах, хараат бус байдлыг нь хадгалах тал дээр ямар зохицуулалт хийх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг тавьсан илтгэлдээ “Хэвлэл, мэдээллийн эрх, чөлөөөний хуулийн 1998 онд туссан үзэл, санаа, зарчим, үнэт зүйлийг бид энэ удаагийн шинэчилсэн найруулгаар бэхжүүлэн, хадгална. Өөрөөр хэлбэл, Монгол улсын үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах гэсэн заалтыг шинэ хуульдаа улам бэхжүүлэн тодруулна. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглох зохилцуулалт, төрөөс олон нийтийн мэдээллийн байгууллагад хяналт, цензур тавихгүй байх суурь зарчмаа бид хадгалж үлдэнэ” гэсэн юм.
Нөгөө талдаа өнөөдөр манай улсад хэрэгжиж байгаа хуулиуд нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд эргээд цензур болох магадлалтай байдаг аж. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хангасан, хамгаалсан нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн форумд оролцож буй төлөөллүүд үзэж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэдэг давхар иргэдийн мэдээлэл авах эрхийг хамгаална гэсэн үг. Харин хуулийн зохицуулалтыг Хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтаар шийдээд явах боломжтой аж.
ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ӨӨРИЙН ДОТООД ЗОХИЦУУЛАЛТААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ
Ньюс агентлагын дэд захирал, хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн хэвлэлийн төлөөлөгч Д.Нарантуяа:
-Монголын сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага гэж нэрлэгдэж байгаа “Хэвлэл мэдээллийн зөвлөл” байгуулагдаад таван жил болж байна. Өөрийн зохицуулалт яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг манай хэвлэл, мэдээллийн салбарынхан маань маш сайн ойлгох ёстой. Яагаад гэвэл бид дотроо байгаа алдаагаа өөрсдөө яриад, өөрсдийн аргаар нэг нэгэндээ нөлөөлөх гэсэн гол санаа явж байгаа юм. Манай салбарын олон талын оролцоотой хүлээн зөвшөөрсөн ёс зүйн зарчим гэж бий. Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн их хурлаар баталсан уг зарчмыг үндэслээд хэвлэлийн зөвлөл ажлаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн ямарваа нэг бүтээл дээр ёс зүйн гомдол ирүүлэхэд бид энэ дагуу ёс зүйн үүднээс дүгнэлт гаргаж, тухайн редакцид “Энэ асуудал дээр анхаарч, уучлалт хүснэ үү!” гэсэн хүсэлт явуулж ирсэн. Ямар нэг албадлагын арга хэмжээ авдаггүй. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхийг би хүсэж байна.
Сэтгүүлзүй сүүлийн үед маш эрчимтэй бөгөөд сайн тал руугаа хөгжиж байна. Энэ бол явц, энэ бол процесс.
Тэртээ тэргүй зах зээлийн зарчмаар сайн нь шигшигдээд үлдэнэ. Бид адилхан хүн. Санамсаргүй алдаа гаргах тохиолдол байна. Гол нь алдаагаа тэр дор нь ойлгоод тэрийгээ олон нийтийн хэрэгслээр залруулах ёстой. Түүнээс биш сошиал орчин илүү эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой гээд дураараа байж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн албан ёсны хаягнаасаа мэдээлэл түгээж байгаа бол сэтгүүлзүйд мөрдөгдөж байгаа зарчмууд адилхан байх ёстой. Бид гомдол хүлээж авах зарчимдаа өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хэвлэл, мэдээллийн байгууллагын албан ёсны сошиал хаягнаас түгээгдсэн мэдээлэл дээр л гомдол авна гэсэн өөрчлөлт оруулсан. Энэ бол цаг үеэ дагасан өөрчлөлт юм. Дижитал сэтгүүлзүй эрчимтэй хөгжих болсон өнөө үед зайлшгүй яригдах сэдэв бол ёс зүйн асуудал. 2019 оны аравдугаар сарын байдлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд нийтдээ 100 орчим өргөдөл ирсэн байна. Ихэвчлэн бизнесийн болоод төрийн байгууллагаас иржээ. Тэгэхээр сэтгүүлчид болоод тухайн редакцийн өмнө ёс зүйтэй байх шаардлага нэн чухал байгаа юм. Нөгөө талаас үүнийг хуулиар зохицуулна гэвэл Монгол улсын үндсэн хуулинд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах эрхүүдийг зөрчих магадлалтай юм.
ХУУЛИЙГ СЭТГҮҮЛЧИЙН ЭСРЭГ АШИГЛАХ ЁСГҮЙ
Олон улсын байгууллагаас манайд хуулийг сэтгүүлчийн эсрэг ашиглахаас хамгалах талаар зөвлөмж өгөөд байна.
Глоб Интернешнл төвийн тэргүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал:
-Ёсзүйн асуудал гурван түвшинд байдаг. Нэгдүгээрт, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн дотоод зохицуулалт гэж бий. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн эвлэл, холбоодын ёс зүйн код байна. Гуравдугаарт, сэтгүүлчийг ажиллуулж буй ажил олгогч гэж байна. Хэвлэлийн хараат бус байдлыг хангахын тулд салбарын түвшинд байгуулдаг өөрийн зохицуулалтын байгууллага гэж байдаг. Манайд бол “Хэвлэл, мэдээллийн зөвлөл” гэж байна шүү дээ. Ийм нөхцөлд бид хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашиглахаас хамгаалж чадна. Иргэний нэр хүндийг хамгаалах хууль бол байх ёстой. Гэхдээ үүнийг Эрүүгийн хэрэг биш, иргэн хоорондын маргаан гэж үздэг. Олон улсын жишиг ч байдаг. Тийм учраас Олон улсын байгууллагаас манайд хуулийг сэтгүүлчийн эсрэг ашиглахаас хамгалах талаар зөвлөмж өгөөд байна.
Форумд Герман улсын хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож, өөрийн орны хуулийн зохицуулалт, туршлагаас хуваалцлаа.
Германы "DW" академийн Дижитал төслийн менежер Julius Endert:
-Манай улсын хувьд дижитал хувьсал гарсан ч хүний үндсэн эрх, эрх чөлөө болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх хуулинд өөрчлөлт ороогүй. Яг л энэ үндсэн эрхээ сэтгүүлчид эдлээд явж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчтэй адил эрхийг мөн интернэт орчинд ажилладаг сэтгүүлчид эдлэдэг. "Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль" гэж байдаг. Энэ хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүн мэдээллээ хамгаалуулах зэрэг эрхүүд хангаддаг. Манай улсын үндсэн хуульд сэтгүүлчийн үйл ажиллагаанд ямар нэгэн цензур тавихыг хориглодог. Энэ бол маш чухал заалт. Монгол улс ч гэсэн ямар нэгэн цензурыг хүлээн зөвшөөрдөггүй гэж би ойлгодог шүү.
Холбоотой мэдээ