"Vogue" цахим сэтгүүл Вондха Моунтэйн буюу Нацагдаржийн Одмөнхийг "Чиний сүнсний баярын хувцас хичнээн аймаар байх нь хамаагүй. Вондхагийн хувцас наадхыг чинь няц дарна" хэмээн онцоллоо.
Вондхагийн Юун Лин хэмээх уран бүтээлчтэй хамтарч хийсэн "Divine madness" уран бүтээл хөгжим төдийгүй клипний өнгө, мэдрэмжээрээ урлагт хайртай хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Түүний өмссөн хувцас, баг, далавчны цаад гоо үзэсгэлэнг хүн бүр гайхан шагширцгааж байна. Вондха багныхаа санааг интернэтээс харсан нэгэн шувуунаас авсан гэнэ. Антенн шиг чих, манан дунд ч замаа харах том нүдийг нь тэрээр ихэд бэлэгшээж ийм баг хийн зүүсэн ажээ.
"Стокхолмд тэр хүн бүрээс онцгойрч чадаж байсан. Түүний өмссөн хувцас болон түүнээс ялгарах онцгой аура хэн гэдгийг нь хүн бүрд хэлж байлаа" хэмээн Шведийн уран бүтээлч Жонатан Лийндоэр буюу Юун Лин ярьжээ. Мөн "Тэр залуу өмнө нь Сэд Бойс, Дрэйн гэнг гэх бүлгүүдийн галзуу дизайнер, тэргүүлэх гишүүн байсаар ирсэн. Түүнтэй анх 2018 онд загварын "The House of Od" брендээ гаргаж байхад нь таарснаас хойш их зүйл өөрчлөгджээ. Тэр одоо хоёр дахь карьераа эхлүүлж, гайхалтай содон хөгжим хийдэг болж. Надад бол тэр Монгол-Шведийн хунтайж, бас Жэймс Ферера шиг сонсогдож, Виктор Цой шиг харагддаг" хэмээн хэлсэн байна.
Одмөнх Вондха Моунтэйн нэрээ зүүдэндээ олсон гэнэ. Мөн клипэн дээрх бүхнийг зүүдэндээ нэг бүрчлэн харсан гэнэ. "Клипэн дээрх хувцаснуудын нэг нь бошинзтой байгаа нь хүн төрөлхтнийг эр, эм гэж ялгаа зааг гаргаж болохгүйг, хүний өмссөн хувцас тэр хүнийг, түүний эрч хүчийг, түүний дүрийг тодорхойлох ёстой. Надад бол энэ Вондха Моунтэйний хүчирхэг хувцас яг таарч байна" хэмээн тэрээр ярилцлага өгчээ.
Түүний хувцаснууд өөрийгөө илэрхийлэхийн сацуу байгаль дэлхийд ээлтэй гэнэ. Тэрбээр "Жил жилийн хандлага дагаж, бусадтай яг ижил юм өмсч байснаас өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүссэн хувцсыг өмсөх нь бүтээгдэхүүнийг багасгаж, бүтээлч сэтгэхүйг өсгөж, эх дэлхийгээ аварч байгаа хэрэг мөн" хэмээн хэлжээ.
Wondha Mountain өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэлтэй чөлөөт уран бүтээлч юм. Хөгжмийн салбарт хөл тавихаасаа өмнө өөрийгөө хувцас дизайн болон урлагийн бусад төрлүүдээр өөрийн дуу хоолойгоо илэрхийлж байсан. 2018 оноос өөрийхөө хөгжмийн карьераа идэвхтэй эхлүүлсэн. Түүний гол өнгө аяс нь сүнслэг бөгөөд анагаах хэмнэлт хөгжим ба өөрийн шинэ урсгал буюу урсгалгүй шинэ хөгжим туурвидаг гэж хэлж болох юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Москва хотод уригдаж анхны гадаад үзэгчиддээ тоглолтоо хүргэсэн билээ. Тун удахгүй энэ зун өөрийн анхны цомогоо гаргахаар ажиллаж байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: vogue.com