Өмнөд Непалын уулчин ердөө зургаан сар гаруйн хугацаанд дэлхийн хамгийн өндөр 14 оргилд авирч, долоон жилийн өмнөх дээд амжилтыг эвдсэн байна. Өдгөө 36 настай, Британийн тусгай хүчинд алба хаасан Нирмал “Нимс” Пуржа мягмар гариг /2019.10.29/-ийн өглөө Балбын гурван уулчны хамт 8027 метр өндөр Шишапангма уулын оргилд гарчээ.
Тэрбээр "Боломжит төсөл" кампанит ажлынхаа хүрээнд 189 хоног авиралт хийж, 14 дэх бөгөөд сүүлийн уулынхаа оргилд гарсан нь энэ аж. Нирмал Пуржа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Балба улсын “Аннапурна 1” ууланд эхний авалтаа хийжээ. Уулчин эр твиттер хуудастаа амжилтаа тэмдэглэн, “Зорилго биеллээ” гэсэн гарчигтай бичлэг байршуулжээ. Тэрбээр өөрт нь итгэж, энэхүү төслийг дэмжиж, хамтран ажилласан бүх хүний ачаар зорилгодоо хүрснээ тэмдэглээд, дэлхийн өнцөг булан бүрийн, үе үеийн хүмүүст өөрийнх нь амжилт урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Пуржа өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр Балбын Макалу, долдугаар сарын 3-ны өдөр Пакистаны Нанга Парбат, 15-ны өдөр Пакистаны G1 оргилд гарчээ. Түүнээс хойш гурав хоногийн дараа G2, зургаа хоногийн дараа K2, хоёр хоногийн дараа Broad оргилд, есдүгээр сарын 23-ны өдөр Хятадын Чо Ою оргилд гарсан байна. Дээрх 14 ноён оргилын найм нь Балбад, тав нь Пакистанд, нэг нь Төвдөд байдаг аж.
Их Британийн Хатан хаан II Элизабет түүнд хүндэт иргэний одон медалийг 2018 онд олгосон бөгөөд хамгийн богино хугацаанд 8000 метрээс өндөр хоёр оргилд дараалан гарсан уулчин болоод байжээ. Нирмал Пуржагийн багийн гишүүн, Непалийн уулчин хөтөч Мингма Дэвид мөн хамгийн өндөр 14 ноён оргилд гарсан хамгийн залуу уулчин болж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Эх сурвалж: CNN