“Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурсан”

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурсан”

“Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурсан”

"Монголын эдийн засгийн форум-2019" уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.30/ МҮХАҮТ-ын "Их Танхим"-д эхэллээ.  Энэ удаагийн форумаар “Монгол Улсын өрсөлдөх чадвар", "Бизнес эрхлэхүй" гэсэн хоёр үндсэн илтгэлээс гадна "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: Өнгөрсөн ба ирээдүй" гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх юм байна. Энэ жилийн форумын үндсэн илтгэгчээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа нар оролцож буй аж.


“ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛ ДАРААЛСАН ТААГҮЙ ҮР ДҮНГҮҮД ГАРЧ БАЙНА”

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин үг хэлэхдээ “Монголын эдийн засгийн форум-2019″ уулзалт хэлэлцүүлгийг энэ жилийн хувьд “Үндэсний эрх ашиг” сэдвийн дор хувийн хэвшил, түүний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд дангаараа зохион байгуулж байгаа нь онцлогтой юм. Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэтэл хүн амын дундах ядуурал, ажилгүйдэл буурахгүй ядуурлын индексээр дундаж орлоготой орнуудаас хангалтгүй үзүүлэлттэй, нийгмийн олон асуудал ужгирч, шийдвэрлэж чадаагүй байгаа нь эдийн засгийн өсөлт хэр зэрэг бодитой, хүртээмжтэй байна вэ гэдэг асуултыг тавихад хүрч байна. Саяхан Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс танилцуулсан улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийн 141 улсаас Монгол Улс өмнөх оноос гурван байраар ухарч, жагссан дүн гарсан. Харин манай хөрш БНХАУ гэхэд 28-д, ОХУ 43 дугаар байранд жагссан байна. Бусад орнууд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бол манай улс энэ чиглэлээр юу ч хийхгүй суугаад байгаа эсвэл өмнөх жилүүдийнхээ ололт амжилтаас нэлээд ухарчээ гэдгийг хэлэх ёстой. Мөн 2019 оны аравдугаар сарын 18-нд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээний байгууллагаас /ФАТФ/ Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулах явцын талаар мэдэгдэл гарган Монгол Улсыг хяналтад байх орнуудын “Саарал жагсаалт”-д оруулсан. Ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой гарч буй шил дараалсан таагүй үр дүнгээс харахад төр засаг шийдвэрлэж чадахгүй, бодитой үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой харагдаж байна” гэв.

“СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛ МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЭРЭМБЭ БАЙНГА БУУРСАН”

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми үндсэн “Монгол Улсын өрсөлдөх чадвар"-ын талаарх илтгэлээ тавилаа. Тэрбээр “Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн үнэлгээг 100 оноо гэж үзвэл Монгол Улс 45.2 хувьтай үнэлгээ авсан байгаа. Энэ нь 50 хувьд нь ч хүрэхгүй байна гэсэн үг. Сүүлийн таван жилийн үнэлгээг авч үзвэл Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурч ирсэн. Тэр дундаа засаглалын үзүүлэлтүүд нь хамгийн бага, бизнесийн орчин 22.7 хувиар 61-т, дэд бүтэц нь 22.5 хувиар 67-д үнэлэгдсэн дүн гарсан. Хэдийгээр манай улсын эдийн засаг бага зэрэг сайжирсан ч энэ дүн хангалтгүй байна гэж хэлж болно” гэдгийг онцлов.

“МОНГОЛ УЛС БИЗНЕС ЭРХЛЭХЭД ЭРХ ЗҮЙН ОРЧНООРОО УНАЛТАД ОРСОН”

Харин энэ үеэр Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа илтгэл хэлэлцүүлэхдээ “Дэлхийн банк группаас анх удаагаа “Бизнес эрхлэхүй” тайлангийн талаар илтгэл танилцуулах гэж байна. Энэ тайланд дэлхийн 190 орны бизнес эрхлэхэд эрх зүйн орчныг үнэлсэн жагсаалтыг гаргадаг. Мөн дэлхийн ямар орнууд бизнесийн орчноор тэргүүлж, тухайн жилдээ ямар шинэчлэлийг хийсэн бэ гэдэг үзүүлэлтийг харж, туршлага хуваалцахад дөхөм болдог. Монгол Улсын хувьд 2008 оноос хойш энэ жагсаалтад ямар үзүүлэлттэй явж байгааг хэлье. Монгол Улс анх 2008 онд энэ жагсаалтад бүртгүүлэхэд 52-т жагсаж байсан. Энэ үзүүлэлт нь тухайн үед Татварын багц хууль батлагдаж, хэрэгжсэнтэй холбоотойгоор дээгүүрт жагссан. Дараагийн дөрвөн жилийн хувьд уналтын он жилүүд байсан. Өнгөрсөн 2012 онд бүр 86 байранд жагсч, дараагийн дөрвөн жил тодорхой хэмжээгээр ахиц гарсан. Харин 2016-2020 он хүртэл уналтад явж байна” гэсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж