“Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт Баасан гаригаас хэрэгжинэ”

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

“Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт Баасан гаригаас хэрэгжинэ”

“Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт Баасан гаригаас хэрэгжинэ”

Шөнийн цахилгаан тарифын хөнгөлөлтийн асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-оос өнөөдөр /2019.10.30/ мэдээлэл хийлээ. ЭХЗХ-ны дарга А.Тлейхан “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаарх Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол гаргасан. Тогтоолын дагуу 2017 оноос эхлэн арваннэгдүгээр сараас эхлэн дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл гэр хорооллын айлуудын 21.00-06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа.

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017 онд 101 мянга гаруй өрхөд 6.8 тэрбум төгрөг, 2018 онд 109 мянга гаруй өрхөд 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байжээ. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Энэ онд буюу 2019 онд 116 мянга гаруй өрх 19.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол 2020 онд 116 мянга гаруй өрх 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ хөрөнгийг улсын төсвөөс олгож байгаа. Засгийн газрын тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ингэснээр

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн 21.00-06.00 цагийн хооронд ашигласан цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Харин аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын тарифыг 50 хувь хөнгөлж байгаа.

Улаанбаатарт 220 В-ын хүчдэлийн цахилгаан хэрэглэж байгаа айлууд сард 700 кВт, 380 В-ын хүчдэлтэй айлууд 1500 кВатын хөнгөлөлт эдлэх юм. Үүнээс илүү гарсан цахилгаан хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 мВт-аар нэмэгдэж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний ачаалал 1044 мвт-д хүрсэн нь өнгөрсөн оныхоос 80 мВт-аар их үзүүлэлт” гэлээ

Түүнчлэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

НИЙТ ХЭРЭГЛЭГЧИД БУЮУ 650 МЯНГАН ӨРХ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙГАА

Энэ үеэр сэтгүүлчид цахилгааны шөнийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар ЭХЗХ-ны дарга А.Тлейханаас асуулт асуулаа.

-Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх ажилд томоохон мөнгө зарцуулж байгаа. Гэвч энэ нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй гэж иргэд гомдоллодог.  Шөнийн тарифаар сард 9300 төгрөг л хөнгөлж байна гэх юм. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны тарифын хөнгөлөлтийг бүсчилж хэрэгжүүлдэг байсныг болиулж, гал түлж буй бүх айл өрхүүдийг хамруулж байгаа. Үүнд 116 мянган өрхийг хамруулна гэдэг нь бага тоо биш. Хоёрт, цахилгааны тариф 16 хувиар өссөн. Үнэ өссөн ч хөнгөлөлт үргэлжилж байгаа. ЭХЗХ-ноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Нэг нь, шөнийн тарифын хөнгөлөлт, хоёрт, орон сууц, гэр хорооллын иргэн буюу нийт хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлт.

Нийт хэрэглэгчид буюу 650 мянган өрх хөнгөлөлт эдэлж байгаа. Энэ хөнгөлөлтөөр айлын 150 кВт эрчим хүчийг 134 төгрөг, 150 кВт-аас дээш хэрэглэсэн цахилгаанд 154 төгрөгөөр тооцож байгаа.

Гэтэл цахилгааны өөрийн өртөг нь 179 төгрөг. Хэрэглэгчид ахуйн хэрэглээний эрчим хүчээ 22 хувиар бага үнээр авч байна гэсэн үг. Судалгаагаар нэг өрх сард 220 кВат цахилгаан хэрэглэдэг. Ингэж тооцвол нэг өрх сард 9300 төгрөгийн, жилд 115 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Улсын хэмжээнд 62 тэрбумын хөнгөлөлтийг иргэд эдэлдэг. Энэ нь шөнийн тарифаас тусдаа хөнгөлөлт.

-Эрчим хүчний салбар алдагдалтай байхад их хэмжээний мөнгийг хөнгөлөлтөд зарцуулах шаардлага байна уу?

-Салбар өнгөрсөн жил 29 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жил мөн алдагдалтай ажиллах төлөвтэй байна. Гэхдээ тарифын хөнгөлөлтийн алдагдлыг аль болох бага гаргахаар тооцоолж байна. Хамгийн гол нь хэмнэлтийг бий болгож байгаа. Эрчим хүч хэмнэлтийн хууль гарсантай холбоотойгоор эрчим хүч нэлээд хэмнэгдэж байна. Хэмнэлтээс гарсан ашгийг иргэдэд тарифын хөнгөлөлт болгон өгч байна гэж ойлгох ёстой. Харин шөнийн тарифын хөнгөлөлтийг улсын төсвөөс гаргаж байгаа болохоор ачаалал болохгүй.

-116 мянган хэрэглэгчийн шөнийн цахилгааны ачааллыг дийлэх хэмжээний хүчин чадал байна уу?

-Ачааллыг дийлж байгаа. Ийм тооны хэрэгч шөнө 60 мВт ачаалал авч байгаа нь боломжийн тоо.

-Хотын захын айлууд халаагуур хэрэглэх гэхээр эрчим хүч нь хүрэхгүй байх нь бий. Энэ байдлыг яаж залруулах вэ?

-Алслагдсан гэр хорооллын айлуудад эрчим хүчний уналттай очиж байгаа. Энэ нь техникийн асуудал. Хамгийн гол нь тухайн трансформаторт хүчин чадлын хэмжээ байдаг. Гэтэл иргэд түүнээс давсан хэрэглээг холбосноор хүчдэл унадаг. Улсын төсвийн хөрөнгөөр эсвэл орон нутгийн хөрөнгөөр тухайн өрхүүдийн шугам сүлжээг өргөтгөж, чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчийг 220 кВт-д барих арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж