Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад Б.Амархүү нь хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогджээ.
Шүүхээс 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тогтоосон.
Шүүхээс Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ