“Дургүй хүргэсэн” хүүхэн

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

“Дургүй хүргэсэн” хүүхэн

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн хувьд 2003 он уран бүтээлийн олз омог ихтэй жил байлаа. Тэрбээр ганцхан жилийн дотор “You are my life”, “Миний шинэ орон зай” хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, “Чамтай, бас чамгүй”, “Хайрын зай”, “Би”, “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Майами аялгуу”, “Миний амьдрал” зэрэг дуунуудынхаа клипийг олны хүртээл болгосон юм. Мөн “Миний шинэ орон зай” тоглолтоо 2003 оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01-нд хийж, Америк, Япон, Өмнөд Солонгост аялан тоглолтоо хийсэн байна. Дуучин Т.Ариунаа “Миний шинэ орон зай” тоглолтоороо Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд ийнхүү шинэ жишиг тогтоосон нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ч багагүй татаж байсан удаатай. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг тухайн үед энэхүү тоглолт болон Т.Ариунаа гэдэг уран бүтээлчийн талаар “Дургүй хүргэсэн” хүүхэн” гэдэг нийтлэл бичиж байсныг уншигчдадаа дахин хүргэж байна.

-Хүмүүс энэ дуучнаас уянгын дуу ихэд хүсдэг нь нууц биш. Гэвч тэр шинэ нутаг сэлгэн бууж, улмаар түүнийгээ эзэгнэн дагуулж, бас уудам том орон зайг эзэгнэхийг хүсэмжилжээ. Эрчтэй, цоглог энэ хэмнэл түүний хувь хүнийх нь хөгжилтэй, хурдтай, галтай шинж чанартай гайхалтай хоршиж буй нь шинэ нутагт тэгш дөрвөн улирал ээлжилсэн үлэмжийн сайхан хорвоо гийх нь тодорхой харагдана-

Гадаа цасаар шуураад хамаг сэтгэл санаа тавгүйтүүлчихсэн зэврүүн, хүйтэн өдөр байв. Ийм өдөр дулаан хөнжил ороож суучихаад борцтой цай уух сайхан. Бас тийм өдөр буйдан дээр хөлөө хучиж суугаад хайр дурлалын тухай зузаан ном уншмаар санагддаг. “Бовари хатагтай”–г ч юм уу эсвэл “”Танихгүй эмэгтэйн захидал”-ыг, “Монте-Ориол”-ыг шагайгаад таг чиг суух сайхан. Гадаа гарахын тухай бол саналт ч үгүй нэг тийм өдөр байдаг даа. Бямба гариг яг ийм өдөр байлаа. Гэвч гадаа нүүр нүдгүй шуурч байхад гэрт сэтгэл тогтохгүй нь хачин. Болзоотой орой шиг тэгж дэгэлзээд байсны шалтгаан нь ширээн дээрх дугтуйтай юм байв. Манай улсын хамгийн нэртэй поп дуучин хатагтайн тоглолтын урилга тэр дугтуйнд намайг хүлээн байсан юм л даа. Т.Ариунаа бол бусдын хүсэл сэтгэлийг яагаад ч юм ингээд өөрийн дур зорго руу татаад байдаг хачин адын бүсгүй. Өмнөхөө шагайгаад гүрийж байсан хүмүүс өөрийн эрхгүй нөгөө хүүхний чинь хүсэл зоригт захирагдчихсан цасан шуурганаар “UB palace”-ын гадаа багшралдаж байв. “Юун үнэтэй юм, яршиг хоёулаа үзье” гэхэд сарын цалин маань бараг тэр чигээрээ явах нь байна ш дээ” гэлцэж байснаа тоглолт дөхөх тусам яагаад ч юм “Яаж ийгээд л үзчих юмсан” хэмээн дор бүрнээ дуугарч, хоолойных нь өнгө өөрчлөгдөөд ирэх нь хачин. Баячууд хийгээд дээдсийн хүрээнийхэн, дундаж амьдралтай ердийн албан хаагчид, халаасандаа юу ч үгүй шалдан оюутнууд бүгд ялгаагүй эхэндээ дургүйлхэж байснаа болиод л тэр адын хүүхэнд татагдан хошуурдаг нь хачин. Ийн бодсоор концертын танхим руу явж орлоо. 19 цагт эхлэх тоглолт бараг 20 цаг дөхүүлж байж хөшгөө нээсэн юм. Гэсэн ч хүмүүс нэг их уур унтуу болсонгүй. Т.Ариунааг үе үе шаагитал алга ташин хүлээж байлаа. Хүмүүс бужигналдан дор бүрнээ өндөлзөөд явчихсан чинь Монгол Улсын Ерөнхий сайд заларч ирж байгаа харагдав. Энэ орой тэр гэргийгээ биш охин, хүү хоёроо дагуулжээ. Ганцхан Ерөнхий сайд маань ч биш Т.Ариунаагийн тоглолтод ирсэн хүмүүс хүүхдүүдээ ер тээршаасангүй. Энд тэндгүй хүүхдүүд гүйлдэж байсан нь энэ дуучны уран бүтээлийн цар хүрээг бас нэгэн талаас нь харуулах шиг санагдсан. Үнэхээр ч түүний дуунуудыг бүх насныхан л ам амандаа даган дуулдаг шүү дээ. Т.Ариунаа энэ удаагийн тоглолтоо “”Миний шинэ орон зай” хэмээн нэрлэж, бас л хүмүүст зорилгоо шууд зарлан тунхаглав. Түүний эзэлсэн уудам орон зай багадаж байна гэнэ ээ. Тэр ахин нутгаа тэлж, шинэ шан татаж эхлэв. Ахиад л бид түүний хүслээр болж шинэ нутагт нь хүүхэд шуухдаан цувуулсаар зорчив. Бүхэл бүтэн гурван орой түүний шинэ нутгаар нь аялж, ааш аяганд нь автаж байгаад ирэв. Ирсэн хойноо нөгөө хүүхний эзэрхий дуунуудын нөлөөнөөс гарч чадахгүй суух нь сонин.

Энэ амьдралын аясаар явахгүй

Энэ амьдралыг би аргадахгүй… Т.Ариунаа ийн дууллаа.

Энэ амьдралын сайхныг нь олж харсан

Энэ амьдрал эгэл биш…

Тэр яг ингэж дуулж байна. Тэр бас

Дахин дахин ирэхгүй он жилүүд хөвөрсөөр

Дан давхар зовлон, жаргал яаж ийгээд ээлжилсээр

Ахин ахин төрөхгүй хүний энэхэн орчлонд

Аз тавилан од хийморь нар, сар шиг хэрэгтэй

Мөрөөдөн жаргахад хил хязгаар хэчнээн үгүй

Мөр минь үлдэх дэлхийд зовж би дууслуу

Хүсэн жаргахад хил хязгаар хэчнээн үгүй

Хүй минь цөглөсөн орчлонд жаргаж би ханалуу…

хэмээн дуулна. Түүний дуунууд утга санаа, учир агуулгын хувьд ийн гүнзгийрчээ. Аяыг нь олоод адармаатай энэ орчлонг тэр өөрийнхөөрөө туулахаа ийнхүү зарлаж байна. Урьд нь ижий, аавын тухай, нутаг усны тухай, янаглал амраглалын тухай уянгын дууны тоглолтууд хийж байсан поп авхай энэ удаа амьдралын тухай дуулж, амьдралыг үзэх өөрийн философио хөгжмийн альтернатив урсгалын хэмнэлээр тунхаглав. Эдгээр дуу түүний “Шинэ орон зай”-г тодорхойлолцов. Хүмүүс энэ дуучнаас уянгын дуу ихэд хүсдэг нь нууц биш. Гэвч тэр нутаг сэлгэн бууж, улмаар түүнийгээ эзэгнэн дагуулж бас уудам том орон зайг эзэгнэхийг хүсэмжилжээ. Эрчтэй, цоглог энэ хэмнэл түүний хувь хүнийх нь хөгжилтэй, хурдтай, галтай шинж чанартай гайхалтай хоршиж буй нь шинэ нутагт тэгш дөрвөн улирал ээлжилсэн үлэмжийн сайхан хорвоо гийх нь тодорхой харагдана.

Бүсгүй хүний цусанд заяанаасаа л нэг ганирч гэгэлзэх дуртай эд эс хөвж явдаг шиг санагддаг. Зүв зүгээр байж байснаа бараг сайн дураараа хэн нэгэнд сэтгэлээ алдаж садаа тарьчихаад дараа нь энэлэн шаналж зогсоно. Зовох шалтгаа яаж ийгээд л олчихсон дэгэлзэж дэрвэлзэж явна. Аяг ааш нь олдохгүй янзын “амьтад”. Т.Ариунаа биднийхээ энэ талын мэдрэмжүүдийг ч хөдөлгөн татаж, сэтгэлийг нь татаж дэнслүүлэхээ мартсангүй. Тэд биднийг дагуулан

Үүл нь үгүй тэнгэрээс

Бороо орохоос нь айгаад байна би

Үлэмжийн чимээгүйг сэгсчинхэн

Учралыг минь үргээхвий

Шаргал гэгээ тасарч

Үдэш болохыг би хүлээнэ

Санаа алдах ч сонсогдмоор

Намуун орчинг би хүснэ.. хэмээн өдөж,

Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ

Дэлхий ертөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр

Дэврүүн сэтгэлд чамтай учрах хүсэл намайг эзэмдээд

Дээхнэ таарсан өнөө л газраа би чинь ирлээ… гэж айлгүйтэн,

Ганирсан сэтгэлийн уйтгар дунд

Ганцаараа зогсох тас харанхуй шөнө

Ижлээ алдсан ангир шиг хайр минь

Чамайг үгүйлээд хэцүү еэ…

хэмээн гуниглав.

Ийн Т.Ариунаа хүний сэтгэлийн элдэв өнгөн дунд орж нэг ирэн, гарч нэг явж байв. Хүмүүс аливаа дуучны тоглолтод очихдоо баахан шинэ дуу сонсох дургүй байдаг. Гэвч Т.Ариунаа хүчээр биднийг гурван орой шинэ дуунуудаар “зодлоо”. Энэ дуучин зарим үед хэтэрхий дураараа гэмээр ийм шийдвэр гаргадаг ч ихэнхдээ бид түүний увидас чадалд нь автчихдаг маань бас нууц биш билээ. Т.Ариунаагийн “Шинэ орон зай”-д манай нийгмийн нэр нөлөөтэй эрхмүүд, урлаг, спортын одод, нялх нярай жаалууд, хөгшин хөвөө бүгд цугларав. Энэ өвлийн хамгийн эхний хүйтэн өдрүүдэд, энэ улсын хамгийн галтай дуучин ийн үзэгчидтэйгээ учирч сэтгэлийг нь халуу оргиулаад буцаалаа. Энэ тоглолтод үнэхээр нүсэр бүрэлдэхүүн оролцжээ. Орос, Сингапураас хөгжимчид урьж оролцуулснаас гадна бүжигчдийн хэд хэдэн баг энэ тоглолтыг босголцож байлаа.

Т.Ариунаагийн тоглолтын хамгийн гоё сэтгэл хөдөлгөсөн сюрпризүүдийн нэг нь “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөнтэй хамтарч дуулсан “Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу болов. “Энэ дууг Т.Ариунаа эгчтэй хамт дуулуулж өгөөч” гэж би бурханаас гуйсан” хэмээн мэдэгдэж байсан дуучин Дэлгэрмөрөн анх удаа элит үзэгчдийн өмнө гарлаа. Хүмүүсийн сонсох дуртай хайрын тухай энэ сайхан дууг тайзан дээр ув улаан даашинзтай Т.Ариунаа ганцаархнаа эхлүүлж сэтгэл гонсойлготол үзэгчдийн дундаас цав цагаан костюмтай Дэлгэрмөрөн тосч аван дуулж ёстой галзууруулах нь тэр. Сэтгэл нь хөөрсөн үзэгчид “Шөнө дундын бүжиг”-ийг хоёр дахин сонсч байж санаа нь амарсан юм. Тайзны ард “Vidal sasoon”салон, “СарнайХ” гоо сайхны газар ажилласан энэ тоглолтын гол баатар маш үзэсгэлэнтэй харагдаж байсныг дашрамд дурдах ёстой болов уу. Бямба гарагийн орой Т.Ариунаагийн шинэ орон зайн хойморт Ерөнхий сайд заларсан бол, ням гарагийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайн хамт морилж цоо шинэ альтернатив цомгийн хуудсуудыг эргүүлж суулаа. Усан цэнхэр хувцас, цагаан ковбой малгайтай Т.Ариунаа өндрөөс бууж ирэн

Тийм ээ, би өнөөдөр болзоотой байгаа

Тэгэлгүй дээ, догь харагдаж байгаа биз…

хэмээн дуулсаар хөшгөө нээсэн эл тоглолтод Т.Ариунаа аварга том дуучин байснаас гадна бүжигчин, бас жүжигчин байж чадлаа. Түүний тайз дуучинтайгаа хамт буцалсаар дуусав. Эрч хүчтэй, цоглог Т.Ариунаа үзэгчдийг цасан шуурганаар гэрээс нь суга татан авчирсныхаа хариуд сэтгэлийг нь халуу оргиулаад буцаалаа. Ийм иж бүрэн, дутуу гуцуугүй, халгиж цацарсан концерт тавьж чаддаг бол бүх дуучны тоглолтод очиход бэлэн гэж хэлмээр санагдана. Хэдийгээр сэтгэлд шингэсэн хуучин дуунуудаа дотроо сэм хүсэмжилж суусан ч үргэлж эзэрхийлж, шинэ содон зүйлээр булж, өдөж хоргоож байдаг Т.Ариунааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тийм ээ, Т.Ариунаа бол ад мөрийн “амьтан”. Ёстой “дургүй хүргэсэн хүүхэн”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж