Цагаачлал, дүрвэгсдийн асуудал дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын толгойны өвчин хэвээр байна. Тэднийг эх орондоо нэвтрүүлэх нэг хэцүү, хориглох бас хэцүү. Өнөөдөр дэлхий дахинд иргэний дайн, үймээн самуун, зөрчил мөргөлдөөнөөс дайжиж, эх нутгаа орхин гарсан 60 гаруй сая дүрвэгч бий. Дайн, тулаанаас зугтан эх орноо орхин гарч байгаа тэдгээр иргэдийг хүлээн авах асуудал АНУ болон Европын холбоог зовоож байгаа билээ. Газар дундын тэнгисийг гатлан Европыг зорих дүрвэгсдийн их нүүдлийг улс орнууд хүлээн авч эхлээд байгаа бөгөөд дүрвэгсдийн хямралд гол хариуцлага хүлээх ёстой гэгдэж буй АНУ энэ асуудалд үл тоосон байдалтай хандаж байна хэмээн ихээр шүүжлүүлж байгаа юм.
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2015 онд хямралтай улс орнуудаас бүх зүйлээ эрсдэлд оруулан байж Европыг зорин ирээд хилээр нэвтэрч чадахгүй цөхрөнгөө бараад сууж буй дүрвэгчдийн зураг дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Энэ бол Европ дахь цагаачлалын хямралын эхлэл байсан юм. Тус онд Сири, Афганистан, Эритрей зэрэг хямралтай улс орнуудаас эх орондоо амьдрах аргагүй болсон нэг сая гаруй дүрвэгч Европыг зорин удаан хугацааны аян замдаа гарсан билээ. Үүнийг сонссон Европын орнууд даруй цагаач, дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо цангатгаж, дүрвэгчдийг хил дээрээс буцаах, хана босгох, оршин суух нөхцлийг чангатгах, нэвтрэх тоог хязгаарлах зэргээр үүдээ хааж эхлэв.
Харин өнгөрсөн долоо хоногт гарсан сэтгэл хэрдхийлгэм хэрэг дэлхий нийтийн анхаарлыг цагаач, дүрвэгчдийн асуудал руу дахин татлаа. Бельгиэс Британийн Эссекэд ирсэн ачааны машины хөргүүртэй чингэлгээс 39 цогцос олдсон нь британичуудыг ихэд цочроов. Талийгаачдын ихэнх нь Вьетнамаас сайхан амьдрал мөрөөдөж ирсэн залуус байсан юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа дахин өөр нэг ачааны машины чингэлэгээс найман хүн бээрсэн байдалтай олдсон. Тэд Афганистаны иргэд байв. Мөрдөн шалгах багийнхан эдгээр хэргүүдийг хүний наймаатай холбон шалгаж байгаа юм. Харин хүний эрхийн байгууллагууд энэ мэт хэргийн улмаас Европын улсуудын цагаачлалын бодлогыг шүүмжилж байна. Тэдний үзэж буйгаар өндөр хөгжилтэй улс орнуудын удирдагчид цагаач, дүрвэгчдийг хавчин гадуурхсан бодлого баримталж буй хэдэн зуун мянган цагаачдыг дээрх шиг хүний наймаа руу түлхэж байгаа аж.
Европын Холбоо Европ руу цагаач, орогнол хүсэгч бүх боломжтой хаалгыг хаасан гэж АНУ-ын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагын Европ, Төв Азийг хариуцсан захирал Даниэль Балсон хэллээ. Тэрбээр "Цагаачид хууль ёсны дагуу нэвтэрч чадахгүй байгаа учир хууль бус аргаар нэвтрэх гэж оролдоод ийнхүү хүний наймааны золиос болж байна" хэмээн хэлсэн байна.
“Хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлдэг. Энэхүү тодорхойлолт нь улс орон бүрт харилцан адилгүй өөр байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон харамсалтай үйл явдлаас харахад яг тэдэн шиг хичнээн олон цагаач ачааны машины бүхээгэнд нуугдан Европ руу нэвтэрнэ гэсэн гэнэн бодлоор хүний наймааны золиос болсныг хэн ч таашгүй.
Хууль бусаар хилээр нэвтрэхийг хүссэн цагаач, дүрвэгчдийг том жижиг автомашины бүхээгт нуун далдалж хилээр нэвтрүүлэх нь хүний наймаачдын хамгийн түгээмэл арга гэж “Europol”-ийн тайланд дурджээ. Энэ арга нь ялангуяа Балкан, Английн сувгаар дамжин өнгөрөх маршрутад түгээмэл тохиолддог байна.
Тайланд дурдсанаар эх оронд нь хүчирхийлэл газар авах, санхүүгийн хямрал, ядуурал, дайн дажин зэргээс үүдэн илүү сайхан, тайван, илүү их мөнгө олж болох амьдралыг хайн хүмүүс эх орноосо дүрвэн харийн орныг зорьдог. Ингэхдээ тэдгээр улс орнуудын хатуу чанга бодлогын улмаас хууль бусаар нэвтрэх замыг сонгодог байна. Ийм замыг сонгосон цагаачид ирэх замдаа усанд живэх, байгалийн гамшигт нэрвэгдэх, хүнйи наймааны золиос болох, өлсөж үхэх зэрэг маш олон эрсдэлтэй нүүр тулдаг. Азаар хүний наймааны золиос болчихгүй, өлсөөд үхчихгүй, усанд живчихгүй хил давсан цагаачид ихэнхдээ барилгын ажил, хүргэлтийн үйлчилгээ, хүнс боловсруулах үйлдвэрт ажилладаг бол зарим нь бэлгийн мөлжлөг, хууль бус бодис үйлдвэрлэх, тээвэрлэх ажилд хүчээр дайчлагддаг байна.
Улс орнууд цагаачдыг цааш түлхэц буй нь олон шалтгаантай. Цагаачдын тоо нэмэгдсэнээр Европын холбоог бүрдүүлэгч гол улсуудын хүн амын бүтэц, нийгмийн салбарт маш хурдацтай өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Тухайлбал, цагаач иргэд нэмэгдсэнтэй холбоотойгоор Германы хүн амын бүтэц маш олон янз болжээ. Хүн амын тоонд хүүхдийн эзлэх хувь 1960-аад онтой харьцуулахад хоёр дахин багассан байна. Одоо төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь цагаач иргэдийн үр удам байна. Энэ бол тийм ч муу зүйл биш, гэхдээ нийгмийн халамжид төсөвлөсөн хөрөнгийн ихэнхийг цагаач иргэд хүртэж байна. Тэд боловсролын салбарт бүр ч онцгой идэвхитэй байж, ихэнх үйлчилгээг авч байгаа юм. Югослав, Турк, Ойрхи Дорнод, Дундад Ази, Африкийн орнуудаас ирсэн цагаач иргэд Германы хүн амын зургаан хувийг эзэлдэг ч 15 хүртэлх насны хүүхдүүдийн 11 хувийг эзэлж, төрөлтийн хувь ч нутгийн эздийг бодвол хавьгүй өндөр байна.
Яаж ийгээд Герман, Францад очсон араб, турк гэр бүлүүд ажил хийх гэхээсээ шууд л нийгмийн халамжид илүү ихээр хамрагдахын тулд аль болохоор олон хүүхэд гаргахыг хичээдэг нь энэ асуудлын нэг хэсэг нь. “Үндэслэлгүй хангамж авдаг” гэж нэрлэж болох ийм хэсэг нийгэмд ихсэхийн хэрээр ажилтай иргэд ч хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Үүнээс болж цагаачдыг эсэргүүцэх үзэл газар авч, төр засгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэл ч үүсч болзошгүй байдалд хүрчээ.
Цагаачлалыг бууруулахгүй байх талд дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас болж өндөр хөгжилтэй Герман, Франц зэрэг орнуудын дотоодод зөрчилдөөн ихээр гарах болов. Ард түмэн цагаачдыг хазаарлахыг эрх баригчдаас шаардаж, эсэргүүцлээ ил далд илэрхийлсээр. Энэ нь тэдний буруу биш юм. Германд цагаачилсан 15 сая цагаачдын 25-45 хувь нь исламын шашинтай байдаг ба гэмт хэрэг, боловсрол, ажилгүйдэл зэрэг цагаачидтай холбоотой гарч буй таагүй сөрөг үр дагавруудын 8-90 хувь нь тэдэнд ногддог байна.
Холбоотой мэдээ