Гадаад харилцааны яам Элчин сайд нараа томилж чадахгүй таван сарын нүүр үзэж байна. Элчин сайдыг нь чөлөөлөх шийдвэр гарсан, эгүүлэн татсан, томилж чадаагүй хэд хэдэн томилгоо өнгөрсөн таван сараас хойш мөн л гацаж байна. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тайланд, БНХАУ, ОХУ-д суух Элчин сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар ЗХЖШ-ын дарга асан генерал Д.Даваа, Тайланд Улсад суух онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар Гадаад харилцааня яамны Эрхзүйн газрын дарга А.Төмөр нарын нэр дэвшүүлэхээр болжээ.
Хэрэв энэ гурван улсад суух Элчин сайдыг томилохыг Засгийн газар дэмжвэл Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Засгийн газраас дээрх гурван нэр дэвшигчийг дэмжих бөгөөд Ерөнхийлөгчтэй ч урьдчилсан байдлаар зөвшилцсөн өмнөх зургаан нэр дэвшигчтэй хамт УИХ-д ойрын хугацаанд өргөн барихаар болсон гэсэн мэдээлэл байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар зургаан Элчин сайд, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр нэг хүн томилуулахаар хэлэлцүүлсэн. Харин Засгийн газар дэмжиж, Ерөнхийлөгч өргөн мэдүүлэх шийдвэр гараад таван сарыг үдэж байна.
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
- Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
- НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
- Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулахаар Засгийн газар дэмжсэн юм.
Удтал хүлээгдсэн Элчин сайдуудын томилгоо дуншиж, ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх сурагтай. Элчин сайдын томилгоо бол Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хооронд зөвшилцөж, “таалагдаж” байж орж ирж томилогддог чухал албан тушаал. Гэхдээ сүүлийн хэдэн жил Элчин сайд, Консулын томилгоо “шагнал”-ын албан тушаал болсон гэж шүүмжилж байгаа, дээрээс нь Ерөнхийлөгчийн зүгээс заримыг нь буцаан татаж, томилохоос татгалзаж байгаа учраас Д.Цогтбаатар сайдын хувьд энэ удаад чамбай нэр дэвшигчид оруулж ирсэн гэдгээ тодотгож буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ