Д.Гэрэл: Зохион байгуулагч дөрвөн Хятад, нэг Монгол иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Д.Гэрэл: Зохион байгуулагч дөрвөн Хятад, нэг Монгол иргэнийг шалгаж байна

Д.Гэрэл: Зохион байгуулагч дөрвөн Хятад, нэг Монгол иргэнийг шалгаж байна

Д.Түвшинтөр: Хятад иргэдийн 500 нь жуулчны 100 орчим нь бизнесийн визтэй байсан

БНХАУ-ын 800 орчим иргэнийг хууль бус гэмт хэрэг хийсэнтэй холбогдуулан урд шөнө хуулийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хуулийн байгууллагаас хийсэн гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ?

-Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас 500 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэн болох нь тогтоогдсон. Олон нийтийн дунд Хонконг иргэд гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Хонконг паспорттай Хонконг иргэд байхгүй бүгд БНХАУ-ын иргэд байна.

-Эдгээр иргэд нь визээ хаанаас авч орж ирсэн юм бол?

-Дийлэнх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас авсан жуулчин ангиллын визтэй, зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас авсан жуулчин, бизнес ангиллын визтэй иргэд байна. Одоогоор бид аль аль газраас, ямар компанийн урилгаар ирсэн тоог нэгтгэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй. Тийм учраас тэдний оршин суух хаяг, ирсэн зорилго, аяллын төлөвлөгөө зэрэг мэдээлэл бидэнд байдаггүй. Харин 30-аас дээш хоногоор ирэх гадаадын иргэн манай байгууллагаас виз, визийн зөвшөөрөл авч, хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор бүртгүүлэх хуультай.

-30 хоногийн визтэй нийт хичнээн иргэн байдаг талаар тоон мэдээлэл байдаг уу?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу 30 хоног хүртэлх хугацаагаар ирж буй гадаадын иргэдийг Хил хамгаалах ерөнхий газар бүртгэдэг. Тэндээс нарийн тоон мэдээллийг авах боломжтой.

-Ер нь богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэдийн хяналтын сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-30 хоног дотор ирсэн гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтыг сайжруулах үүднээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулан холбогдох яам, газруудаас санал авч дуусаад байна. Хоёр долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөгөө гарсан. Энэ төслөөр гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт гар хурууны хээг аван бүртгэдэг байх, тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэд 24-48 цагийн дотор манай байгууллагад бүртгүүлдэг байх зохицуулалтыг оруулж байгаа. Мөн Монгол Улсын визийн ангилал, төрөл, эрхлэн олгох байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаж байгаа. Визийн асуудал хариуцсан мэргэжлийн ажилтанг дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж хяналт тавьж байх зохицуулалтыг мөн оруулж байгаа. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр болох Олон нийтийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж болно.


С.БААТАРЖАВ: 800 ОРЧИМ ХЯТАД ИРГЭДИЙГ БАЙРЛАЖ БАЙСАН БУУДАЛД НЬ БАЙРЛУУЛЖ, ШАЛГАЖ БАЙНА
БНХАУ-ын иргэдийг саатуулан шалгаж байгаа асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхиий газрын дарга С.Баатаржав нар өнөөдөр /2019.10.30/ Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлээс тодрууллаа. Тэрбээр "Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна.  Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. БНХАУ-ын иргэд Монголд орж ирсний дараа цахим орчинд ямар нөхцөл үүсдэг талаар бид судалгаа хийж, наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь саатуулагдсан, одоо байцаалт өгч байгаа. Эдгээр иргэдийг зохион байгуулж, орон байраар хангах, ажиллах нөхцөлөөр хангаж байсан. 1000 гаруй компьютер, 10 мянга орчим гар утасны сим хэрэглэж байсан. Бидний хяналтад байгаа учраас энэнд айж, эмээх зүйл байхгүй. Цахим ертөнцөд аюулгүй байдал үүсгэж болзошгүй учраас Тагнуулын ерөнхий газар ажилласан, ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар мөнгө угаахтай тэмцэх хэмжээнд хүрсэн. Мөнгө угаах гэдэг нь цахим тоглоом болон өөр олон төрлөөр явагдана. Шалгалт одоо үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 800 гаруй хүнийг саатуулах боломжгүй учраас өөрсдийнх нь буудаллаж байгаа байранд байлгаж, байцаалт мэдээлэл аваад явж байна. Мөн эдгээр иргэд нь жуулчны визээр орж ирээд ажил хийсэн учраас хууль бус үйлдэл болж байгаа учраас албадан гаргах боломжтой" гэсэн тайлбарыг өглөө.
Тэдний хувьд өнгөрсөн наймдугаар сараас 20, 30, 80 гэх мэтээр тоогоо өсгөж, бага багаар жуулчны визээр орж ирсэн байна.
Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав "Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцдэг чиг үүрэгтэй энэ хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд шалгагдаж байгаа. Одоо энэ хүрээнд зочид буудлын үйлчилгээ явуулсан, зохион байгуулсан гээд нэг бүрчлэн шалгаж байна. Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг зочид буудлууддаа байрлан, шалгуулж байгаа. Яг одоо бичиг баримттай холбоотой хяналт, шалгалтууд үргэлжилж байна. Одоогоор бид зохион байгуулсан хүмүүсийг шалгаж байна.  Эдгээр иргэдийг мөрийтэй тоглоом, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа" гэлээ.
800 орчим иргэнийг Тагнуулын байгууллага болон хууль хяналтын байгууллага хяналтдаа авч, өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж байсан байна. Одоогоор цагдан хорьсон асуудал байхгүй. Харин эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зохион байгуулсан таван хүнийг шалгаж байгаа бөгөөд дөрөв нь БНХАУ-ын иргэн бол нэг нь Монгол Улсын иргэн байжээ. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Богино хугацаанд шалгаж тогтооно гэдгийг албаныхан хэллээ.

НЭМЭЛТ: 13:50
ХЭРГИЙН ТАЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ИРСНИЙ ДАГУУ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
БНХАУ-ын 740 иргэнийг цахим гэмт хэрэгтэй холбогдуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ талаарх гомдол цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгаж, одоо ч гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.
Мөн энэ хэрэг дээр Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй, энэ хэрэгтэй холбогдуулан нэг ч хүнийг саатуулаагүй, шалгах, гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг хэллээ.

НЭМЭЛТ:
БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Урд шөнө өрнөсөн хуулийн байгууллагын ажиллагаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна.

Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна. Уг хэрэг хуулийн дагуу  зөв зохистой шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.


НЭМЭЛТ:
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ
БНХАУ-ын  740 орчим иргэнийг саатуулсан гэх боловч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 738 иргэн саатуулагдсан байна. Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буйг эх сурвалжууд мэдээлж байна. Одоогийн байдлаар саатуулагдсан иргэдийг  түр хорих цагдан хорих байрны хүрэлцээ муу байгаагаас тодорхой хүндрэлүүд үүсч байгаа учраас зочид буудлын хонгилд болон байрлаж байсан газарт нь саатуулж байгаа гэлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга Ц.Ганзориг "Прокурорын байгууллагын удирдлага дор Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарсан шалгалт хийсэн бөгөөд албан ёсоор 740 орчим иргэнийг шалгаж байна. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг мэдээлэл байна. Гэхдээ эцсийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.
Засгийн газрын хуралдаанд Тагнуулын ерөнхий газар болон холбогдох хуулийн байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөх юм. Түүний дараа албан ёсны мэдээллийг өгнө гэдгийг хэллээ.
Сануулахад, энэ хэргийн талаар  Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллага, албан тушаалтан албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.

НЭМЭЛТ:
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 28268 ИРГЭН БАЙНА
Албан мэдээллээр шалгагдаж байгаа иргэд Монгол Улсад "Жуулчны виз" буюу нэг сарын хугацаатай нэвтэрчээ. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай гэдгийг албаныхан хэлж байна.
Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн энэ сарын 17-ны өдөр Монгол улсад байгаа гадаад иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ. Ингэхдээ “Монгол улсад оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 28268 хүрсэн. Эдгээрээс 13248 нь БНХАУ-ын иргэн. Түүнчлэн хоёр улсын харьяалал бүхий 16 улсын 1927 цагаач иргэд байгаа бөгөөд тэдний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байна.
Мөн өнөөдрийн байдлаар 87 улсын 9929 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс хамгийн их нь буюу БНХАУ-ын 8522 иргэнд ажиллах зөвшөөрөл өгсөн. Одоогоор 6000 хятад иргэн нь ирсэн. Энэ нь нийт зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа бөгөөд газрын тос, зам гүүр, уул уурхайн чиглэлээр ажилладаг байна. Тэгвэл Вьетнамын 193 иргэн авто засварын чиглэлээр ажиллаж байгаа” гэж байв.

НЭМЭЛТ:

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ 10 МЯНГА ОРЧИМ ДУГААР ХЭРЭГЛЭЖ БАЙЖЭЭ

Хамгийн сүүлийн мэдээллээр хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 1000 орчим Хятадын иргэнийг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

Мөн эдгээр иргэд нь санхүүгийн шинжтэй луйвар хийж байж болзошгүй гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд тэднийг удирдаж байсан байж болзошгүй хэд хэдэн хүнийг саатуулаад байгаа аж. Хуулийн байгууллагын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд хэргийн газрын шалтгалт үргэлжилж байгаа юм байна.

Ажиллагааны хүрээнд 10 мянга орчим Монголын үүрэн холбооны операторуудын дугаар байсан гэдгийг албаныхан тодотгож байна. Тэд монгол сим бүхий үүрэн холбооны  дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компютер хэрэглэн байсныг шалгалтын явцад хураасан юм.

Өнгөрсөн шөнийн баривчилгааны талаар Цагдаагийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам болон Гадаадын иргэн харьяатын газраас лавлатал мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тэдний зүгээс Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ явуулсан гүйцэтгэх ажиллагаанд бид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин ТЕГ мөн л мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулж байна.

Өглөөний 07.00 цагийн байдлаар Ориентал төвийн гадна дээрх ажиллагаа үргэлжилж цагдаагийнхан хамгаалалт авсан байлаа. Гэвч дээрх иргэдийг хараахан саатуулаагүй нөхцөл байдал ажиглагдав. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахим гэмт харэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү саатуулахаар шалгалт хийж байна. Одоогоор дээрх зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай комьпютер, 10 мянга гаруй гар утсыг хураан авч баримтжуулан хураан авах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх хэргийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ц.Ганзориг " Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна" гэжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэд Монгол Улсад "Жуулчны виз"-ээр нэвтэрсэн байж болзошгүй юм байна.

Бид энэ талаар албаны эх сурвалжтэй, илүү дэлгэрэнгүй мэдээллэх болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
19
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж