Реппер Thunderz: Сэтгэлээсээ байх нь нэг номерт

Хуучирсан мэдээ: 2019.10.30-нд нийтлэгдсэн

Реппер Thunderz: Сэтгэлээсээ байх нь нэг номерт

Реппер Thunderz: Сэтгэлээсээ байх нь нэг номерт

“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг. Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр реппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан гэнэ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


Хүмүүс Thunderz нэрний утга учрыг мэдэхийг хүсч байгаа байх. Ямар утга санаа илэрхийлсэн нэр вэ?

-Англиар “Thunder” гэдэг нь аянга цахилгаан гэсэн утгатай үг. Миний хувьд энэ утгаар нь уран бүтээлчийн нэрээ өгөөгүй. Би Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тухайн үед их сургуулийн 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн маань намайг “Thunder” /Тундер/ гэж хочилдог байсан. Учир нь би дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байсан болохоор тэгж нэрлэсэн байх. Тэр нэрээрээ гудамжны реп дэмбээнд оролцохоор нэрээ бүртгүүлсэн чинь Thunder /Тандер/ гэж дуудаад л ийм нэртэй болсон. Тэрнээс биш бодож өгсөн, гүн утга агуулгатай нэр биш л дээ.

Анхны “Bark Yard” уралдааны шилдэг оролцогчоор тодорсон байх аа?

-Тийм. Анх “UBS” телевиз болон "Back Yard" лэйбл нар хамтран Монголд анх удаа хип хоп сонирхдог залуусын дунд уралдаан зохион байгуулсан. Уралдааны ялагч мөнгөн шагнал, Desant, Jacool, Ratabuzz нартай хамтран уран бүтээл туурвих эрх болон бусад шагналыг эзэн болсон. Нийт 200 гаруй хүн бүртгүүлснээс эхний шалгаруулалтын дараа 50 нь өрсөлдөж, шилдэгт 10 реппэр тунаж үлдсэн. Миний хувьд ялагч болсон.

Энэ уралдааныг тэр жил л ганцхан удаа л зохион байгуулсан. Уран бүтээлчийн хувьд надад тэр уралдаан маш их түлхэц болсон. Тухайн үед реп урлаг сонирхож байсан Maberrant тэргүүтэй манай үеийнхэн бүгд оролцсон л доо.

-Монгол Улсын их сургуулийг төгссөн гэлээ. Ямар мэргэжлээр суралцаж, төгссөн бэ?

-Би 2017 онд Монгол Улсын их сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад уран бүтээлчийнхээ замыг сонгосон. Мэдээж урлагийн чиглэлээр суралцах талаар бодож л байсан. Гэхдээ хип хоп урлагийг заалгаж сурдаг зүйл биш шүү дээ. Ямар нэгэн урлагийн сургуульд орлоо гэхэд надад үг бичихийг, үглэхийг зааж өгөхгүй. Тийм учраас сургуульд сурах шаардлагагүй юм байна гэж бодсон.

Хэдийгээр гэр бүлийнхэн маань намайг мэргэжлээрээ ажиллахыг зөвлөж байсан ч одоо бол хүлээн зөвшөөрч, намайг дэмждэг болсон.

-Реппер Thunderz-ыг бөх болох сонирхолтой хүүхэд байсан гэж сонссон. Үндэсний бөхийн спортоор хэдэн жил хичээллэсэн бэ?

-Хүүхэд байхдаа олон зүйл сонирхож байсан. Арван жилийн сургуульдаа үндэсний бөхийн секцид явдаг байлаа. Тэр үед 2011 онд Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүргүүлэх 6016 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд нийт есөн өдөр үргэлжилсэн юм. Би тэр барилдаанд барилдаж, нэгийн даваанд одоогийн Улсын гарьд цолтой бөхөд унаж байлаа. Тухайн үед бэлтгэлийн үеэр зүүн тохойгоо гэмтээсний улмаас зүрх үхээд барилдахаа больсон юм.

Хэдийгээр тууштай барилдаж, бөх болоогүй ч үндэсний бөхөд их хорхойтой. Зурагтаар гарч буй барилдаануудыг үзэх дуртай.

-Бас “Universe best songs уралдаанд чамгүй амжилттай оролцож, шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм билээ. Тухайн үед хэддүгээр шат хүртэл оролцсон бэ?

-Би 2014 онд анх “Universe best songs” уралдаанд орж байсан юм. Тэр үед үндэсний бөхийн бэлтгэл хийдэг байсан үе болохоор нэлээд биерхүү махлаг биетэй байлаа. Одоо л тураад байгаа болохоос биш./инээв/

Миний хувьд “Cover night”, “Open mic” гэх мэт дуулах л юм байвал хэсээд явж байдаг байсан. Тэгээд “Universe best songs” уралдаанд сонирхоод оролцож, дөрөвдүгээр шат хүртэл нь явсан. Надад маш том туршлага болж үлдсэн л дээ.

-Сүүлд “Дандаа даардаг охин” хэмээх шинэ дуугаа цацжээ. Анхны цомгоо хэзээ гаргах бол?

-Би сүүлийн үед ар араасаа цөөнгүй дуу хийлээ. Одоо анхны цомгоо гаргах талаар ярилцаад л байж байна. Гэхдээ миний хувьд цомог гаргахаар яарахгүй байна. Одоо хүн болгон л цомог гаргаж, үнэлэмж нь унасан юм шиг санагддаг. Хамгийн гол нь уран бүтээлээ л чанартай хийгээд явж байхад болох байх. Ямар ч үед сэтгэлээсээ л байх нь нэг номерт.

-Хамтын уран бүтээл гэвэл?

-Миний хувьд одоогоор реппер Десант ах болон Ука эгчтэй хамтран дуулсан .Цаашид олон уран бүтээлчидтэй хамтран ажиллана.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Мэдээж дууныхаа үгийг өөрөө бичнэ. Өөрт байгаа бүх цагаа л дууны үг бичихдээ зарцуулдаг. Би чинь өөрөө үүндээ хоббитой учраас ганцаараа их сууна. Нэг мэдэхэд өглөө, орой болчихсон байх жишээтэй.

-Уран бүтээлээрээ юу өгүүлэхийг хүсч, залууст хэрхэн үлгэр дууриалал үзүүлэхийг тэмүүлдэг вэ?

-Миний дуунууд хүмүүсийн амьдралыг харах өнцгийг гоё болгох зорилготой. Мэдээж насанд хүрсэн хүмүүсийг миний дуу тэгтлээ өөрчилж чадахгүй шүү дээ. Би уран бүтээлээрээ дамжуулан ихэвчлэн өсвөр насны хүүхдүүддээ ямар нэг юм үлдээхийг хүсдэг. Тэдний өнгөрч буй цаг хугацаанд бүрт нь хамт байж, хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх, бие хүн болон төлөвших үзэл бодолд нь өөрийнхөө үзэл бодлыг шингээх, зөв хүн болоход нь нөлөөлөхийг хүсдэг.

Хэдэн жилийн дараа хүүхдүүдийн зарим нь миний насан дээр ирнэ. Тэгэхэд нь үзэл бодол нь тогтож, миний нөлөөлөлд тодорхой хэмжээнд орсон бол сайхан санагдана.

-Өөрийгөө тайзны реппер гэж тодорхойлсон байсан. Зарим уран бүтээлчид зөвхөн студид дуулж сурсан байдаг тухай санал бодлоо постолсныг харсан. Тэгвэл Монголд студийн реппер хэр олон байгаа вэ?

-Янз бүр л дээ. Зарим нь заавал тайзны реппер байх албагүй студидээ дуугаа хийгээд хүн чихэвчээр сонсоод явж байхад гоё бол хамаагүй. Надтай хамт байдаг уран бүтээлчид бол амьд тоглолт талдаа хүмүүс. Амьд тоглолтоороо хөөрч, хүмүүсийг илүү хөөргөдөг. Өөрөөр хэлбэл, энд тэнд дуулсаар байгаад гарч ирсэн уран бүтээлчид. Чихэвч зүүгээд байшингийн мухарт сууж байгаад гарч ирээгүй гэсэн үг л дээ.

Би гэхэд гудамжны дэмбээнүүдэд орж ирсэн учраас өөрийгөө тайзны реппер гэж нэрлээд байгаа. Сүүлийн үед Монголд студийн реппер олон болж байна. Ихэнх нь студийн реппер юм шиг санагддаг.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Би ээж, эмээ, төрснөөс өөрцгүй ахтайгаа хамт амьдардаг. Би айлын ганц хүүхэд л дээ.

-Найз охинтой юу?

-Одоогоор үерхэж найзалдаг охин байхгүй. Ганцаараа байх нь илүү дээр санагддаг юм.

-Яагаад? Реппер залуу маань жаахан зожиг уу?        

-Ер нь би зожиг зантай шүү. Одоо харин ч гайгүй болоод байна. Амьдралын шаардлагаар хүмүүстэй ярилцаж, харилцах шаардлагатай болж байна л даа. Би зожиг гээд суугаад байж болохгүй шүү дээ. Багадаа буланд ганцаараа буруу хараад суугаад тоглодог хүүхэд байсан гэдэг.

-Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Миний хувьд энгийн гоё амьдрахыг хүсдэг. Би боксын спортоор хичээллэдэг учраас чөлөөт цагаараа бэлтгэлээ хийнэ. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийн тулд хувь хүний хөгжил рүү чиглэсэн ном уншина. Бас уран зохиолын ном уншиж, ганцаараа суух дуртай.

-Үе тэнгийн залуустаа хандаж, зөвлөгөө өгөөч?

-Чөлөөтэй сэтгэдэг байгаасай. Нэг нэгнийгээ үзэн ядаж, хүний хэрэгт хошуу дүрж, хүн болгоноос өө эрэх шаардлагагүй. Амьдралаа өөрийнхөөрөө гоё өнгөрүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг муу явахын харах дуртай үзэл бодлоосоо салах хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн замаар амьдарч байгаа. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тийм болохоор өөр өөрсдийнхөө зөв амьдарцгаая гэж хэлмээр байна.

Уран бүтээлч хүн хүмүүсийг зөв зүйлд дагуулах гэж байгаа бол өөрөө зөв хүн болох хэрэгтэй. Өөрийгөө өөрчилж, тархи толгойгоо зөвөөр цэнэглэ. Шөнийн клуб хэсээд явж байж нийгмийг өөрчлөх тухай ярихын ч хэрэггүй.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
245
ЗөвЗөв
45
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж