Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар оруулж байгаа нь иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байгаа юм. Уг хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд буцаан оруулах ямар шаардлага үүссэн бэ?
-Олон эрх ашгийн тэнцвэрийг хангах шаардлагай гэдгийг онцолмоор байна. Иргэний нэр төр, алдар хүндийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан. Нөгөө талд нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал мөн яригдана. Гэхдээ энэ асуудалд тэнцвэртэй хандах хэрэгтэй. Техник технологийн хөгжлийг дагаад нэр усгүй хаягаас бусдыг гүтгэх доромжлох асуудал их гарч байна. Үүнийг Иргэний журмаар зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл нэр усгүй хаягийн ард ямар хүн байгааг хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор тогтоож байж хохирогч нэр төрөө сэргийлгэх, учирсан хохирлоо барагдуулах нөхцөл бүрдэнэ. Тийм учраас гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаа нь цахим хэрэгслийн зохист бус хэрэглээтэй холбоотой.
-Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулбал иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхтэй харшлах юм биш үү?
-Тухайн иргэн бусдыг гүтгэхгүй, доромжлохгүй бол хэнд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх гэж ойлгож болно.
-Нөгөө талдаа хэвлэлийн эрх чөлөөнд халдсан болохгүй юу?
-Зөвхөн сэтгүүлчдэд хамаатай асуудал биш. Хэн ч бусдыг гүтгэхгүй, доромжлохгүй бол энэ хуульд хамаагүй гэсэн үг.
-Гүтгэгдсэн нь тогтоогдвол ял эдлэх юм уу?
-Хорих заалт байхгүй. Торгуулийн хэмжээ Зөрчлийн хуулийн торгуулиас буурсан. Зөрчлийн хуулиар хувь хүнийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодгоос бууруулж оруулсан. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Мөн төрийн байгууллага хохирогч болохгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй байх заалтыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.
-Өнөөдөр пракиткт Зөрчлийн хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашигладаг явдал түлхүүтэй гарч байгаа. Олон улсын жишигт иргэн хоорондын маргаан гэж үзээд Иргэний хуулиараа зохицуулдаг. Манайд энэ нь боломжгүй юм уу?
-Улс орон болгон янз бүрээр л зохицуулсан байдаг. Иргэний журмаар явах тэр асуудал нээлттэй. Гэхдээ технологи хөгжсөн энэ үед иргэн Дорж, Дулмааг хэн нэгэн нүүрээ нуусан этгээд олон нийтийн сүлжээгээр гүтгэж, доромжлох асуудал гарна. Гэтэл иргэн Дорж, Дулмаа иргэний хэргийн шүүхээр яваад тэр хаягны цаана хэн байгааг олж чадахгүй. Тиймээс энэ асуудалд хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр шалгаж тогтоох асуудал яригдана. Тэгэхээр асуудалд зөвхөн хэвлэлийн байгууллага талаас нь харах хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалах асуудал.
-Хуулийн төсөл дэх “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэдэг зүйл ангид хохирогчдыг 14-18 нас хүртлэх, бага насны хүүхэд гэж ангилсныг тодруулахгүй юу?
-Хэд хэдэн гэмт хэргийн зүйл ангиудыг олон нийт хольж яриад байна. Хүчиндэх, насанд хүрээгүй этгээдтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг гээд хэд хэдэн хэрэг байгаа. Эдгээрийн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн нь тус тусдаа ойлголт. Хүчиндэх гэмт хэрэг гэдэг бол тухайн хүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл. Дээрх хэргүүд хоорондоо давхцаж, ял завших тохиолдол гарах вий гэдэг үүднээс энэ төрлийн гэмт хэргүүдийн шинжийг тодруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоос гадна зарим гэмт хэргийн шинжүүдийг тодотгосон.
Үүн дээр нэмж хэлэхэд, хар тамхи олж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа. Хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол 2-8 жилийн ял оноодог. Үүнийг 8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. Эдгээр этгээдийг илрүүлтлээ хууль хяналтын байгууллага мөрдөж, мөшгинө гэсэн үг. Хар тамхийг хэрэглэсэн этгээд гэхээсээ илүү оруулж ирээд байгаа зохион байгуулалттай бүлэглэлтэй тэмцэх эрүүгийн хариуцлагыг чангатгана. Ерөнхийдөө зарим төрлийн гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгаж байгаа гэж ойлгож болно.
-Энэ хуулийг баталснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах эрхзүй бүрдэх үү?
-Хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зарчим бий. Гэхдээ Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг ажиллаад тодорхой санал, дүгнэлт гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг дээр дагаж мөрдөх журмын асуудал яригдана. Тэр үед л тодорхой болох байх. Татварын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэдэг нь энэ төрлийн гэмт хэрэг үндсэндээ ялгүй болсон гэсэн үг. Учир нь татвараас зугтах гэмт хэрэг үйлдэгдсэнээсээ хойш 2-3 жилийн дараа, татварын хяналт шалгалтын явцад илэрдэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргүүдэд хариуцлага хүлээлгэх зайлшгүй шаардлага байгаа учир таван жил хүртэл байхаар орж ирж байгаа.
Холбоотой мэдээ