Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон талаар бид мэдээлсэн. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарчээ. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй тэрбээр санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгоход олон нийтээс дэмжлэг хүсч буй. Тэгвэл өчигдөр /2019.10.29/ иргэн Б.Болороо ээж Ө.Буянжаргалын хамт шүүх эмнэлэг болон мэргэжлийн хяналтын газар, талийгаач нөхрийнхөө ажиллаж байсан “Хишиг арвин индустриал ХХК-ийн үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж зогслоо. Харин компанийн зүгээс “Уучлалтыг нь гуйна гэсэн шүү дээ” гэсэн тоомжиргүй хариулт өгч байв.
ТЭД ХҮН ЧАНАР ГАРГАЖ НӨХРИЙГ МИНЬ ОЛООД ӨГСӨН БОЛ, НАДРУУ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ГАДУУР ХАЙЛГАЖ ЦАГ АЛДУУЛААГҮЙ БОЛ…
Иргэн Б.Болороо хэлэхдээ “Миний нөхөр зургадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн байрны лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор нөхрийг минь буруутгаж байгаа шалтгаан нь ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан. Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон мөн нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэж гарсан.
Компанид бичлэг байсаар байхад биднээс нуусан. Миний нөхөр ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг Сонгинохайрхан дүүргийн цагдаад долдугаар сарын 17-нд очсон байхад бүтэн сарын дараа л бид цагдаад бичлэг байсныг мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Цагдаагийн бичсэн тэмдэглэлээс үзэхэд утсаар ярьж хамт ажилладаг н.Мядаг гэдэг хүнтэй станцаараа холбогдож зааварчилгаа, авч лифт засахаар явсан байсан. Хамгийн гол нь ажилтан нь алга болсон байхад өөрсдөө камерын бичлэгээ үзээд шүүгээд өгч болох байтал надад албаар худлаа ярьж гадуур хайлгасныг бодоход энэ хэргийг албаар нуусан байх гэж би хардаж байсан. Нөхрийнхөө утасных нь хамгийн сүүлийн дуудлагыг Юнител компаниар шүүлгэхэд н.Мядаг гэдэг хүнтэй ярьж түлхүүрээ авсан байхад тэд мэдэхгүй байх учиргүй.
Компанийн зүгээс яагаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа хүн чанар гаргаад биднээс уучлалт гуйж болохгүй байгаа юм. Би компанийн удирдлагуудтай уулзаж мөнгө гуйгаагүй. Тэд хүн чанар гаргаад нөхрийг минь олоод өгсөн бол, надруу худлаа мэдээлэл өгч гадуур хайлгаж цаг алдуулаагүй бол байдал арай өөр байх байсан.
Миний нөхрийн амь эдгээр хүмүүст ямар ч үнэ цэнэгүй ч гэсэн миний хувьд нөхөр маань эрээд эрээд олддоггүй эрдэнэ маань байсан юм. Бурхан шиг ханиа дэндүү эрт харамсалтайгаар алдлаа. Талийгаачийн цогцост шинжилгээ хийх ямар ч боломжгүй нүд халтирам муудаж өтсөн байсан. Гэтэл архины хувь хэмжээг хаанаас гаргаад ирэв. Хэзээ ч шүүхийн шинжилгээний байгууллага өөрийнхөө дүгнэлтийг буруу гаргасан байна гэж дахиж шинжлэхгүй шүү дээ. Тиймээс би монголд биш гадны улсад шинжлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Ээж, охин хоёр үнэн мөнийг олохын төлөө эцсээ хүртэл явна, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж суулт хийнэ гэдгээ ч энэ үеэр хэлсэн юм. Тэдний чин хүсэл бол амиа алдсан нөхрийнхөө асуудлаар дээрх компанийн удирдлагуудыг ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйх, нөхөр нь золгүй байдлаар амиа алдсан асуудалд нэр холбогдож байгаа хэд хэдэн хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж хариуцлага тооцох,хэргийг Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс татаж Нийслэлийн цагдаагийн газарт шалгаж өгөхийг хүсч буй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ