Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон

Хөөн хэлэлцэх хугацаагаар 400 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны нэмэлт өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гарч буй зөрчлүүдийн талаар танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улс 1984 оны Эрүүгийн хууль мөн 2002 оны Эрүүгийн хууль гэмт хэргийн төрөл болоод оногдуулах ялын хэмжээнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоож иржээ. 2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн.

Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тус хэргүүдийг төрлүүдээр нь авч үзвэл,

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их буюу 190 хэрэг буюу 64.1 хувь, 234 хүн буюу 63.9 хувь
  • Хулгайлах таван хэргийн таван хүн
  • Хахууль авах хоёр хэргийн гурван хүн
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хоёр хэргийн хоёр хүн
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хоёр хэргийн хоёр хүн тус тус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.

Энэ тухай Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийг хэрэглэх явцад 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дараах зөрчлүүд байна гэж харж байна.

Нэгдүгээрт,  хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт мөн хорих ял оногдуулахаар заагаагүй буюу зорчих эрхийн хязгаарлалтай ялтай хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй орхигдуулсан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн нэг болон хоёрдох хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэй байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж нэгдэх заалтад заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолоход хуульчилсан нь хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй хүндрэлтэй байдлыг бий болгосон.

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 13 дугаар зүйлд мөрдөн байцаалтын явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж прокурорын эрх хэмжээг хуульчилсан. Гэтэл шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох заалт процессын хуульд орхигдсон. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19-д зөвхөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох заалт байгаа.

Ийм учраас Эрүүгийн тухай хуулийн 1,10 дугаар зүйлийн 1,2 -т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь харилцан зөрчилтэй мөн процессын тухай хуультай уялдаагүй байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгах, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг нэг зарчмаар хуульчлах, зарим төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг оногдуулах хугацааг оногдуулах ял шийтгэлийн хэмжээтэй уялдуулж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг судалж үзэхэд нэг талаас гэмт хэргийн хугацаа дуусах дөхсөн үед зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх тохиолдлууд гарсан. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр завж заалдах гомдол гаргадаг ийм байдлаар хугацаа хожих явдал түгээмэл байна. Тухайлбал, нэг жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон. Найман жил хүртэлх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосон.

Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн эрүүгийн хууль үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох журмыг сэргээн хуульчлахыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнээс гадна Эрүүгийн тухай хуульд заасан гэмт хэргийн төрөлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг харгалзан энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ талаар бусад улсын Эрүүгийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг харьцуулан судлах Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг цаг алдахгүй шинэчлэн тогтоох шарлагатай байна” гэдгийг тэрбээр онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж