“Киви” хамтлаг “Гоёо” брэндийн нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

“Киви” хамтлаг “Гоёо” брэндийн нүүр царай боллоо











“Гоёо” брэнд “Киви” хамтлагтай
хамтран ажиллахаар болжээ. Жил бүр шинэ цуглуулгаа хэрэглэгчдэдээ толилуулдаг
“Гоёо” брэнд ээлжит шинэ цуглуулгаа худалдаанд гаргахаар бэлэн болжээ. Тус
компани нь 2008 оноос эхлэн улирлын цуглуулгаа гаргаж эхэлсэн бөгөөд жил бүр
брэндийнхээ нүүр царайгаар Монголын олны танил охид, бүсгүйчүүдийг сонгодог юм.
Энэ жилийн хувьд “Гоёо” брэндийн нүүр царайгаар “Киви” хамтлагийн бүсгүйчүүд
ажиллах юм. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой “Гоёо” брэндийн шинэ улирлын
цуглуулга бүр өөр, өөрийн өнгө төрх, шийдлийг агуулдаг учир өөр өөрийн өнгө
төрх, имижийг бүрдүүлдэг “Киви” хамтлагтай 2010 онд хамтран ажиллахаар болсон
талаараа “Гоёо” компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан хэлж байв. Шинэ
цуглуулгын нээлт энэ сарын 11-нд бүх нэрийн дэлгүүрт болох юм. Энэ жилийн зун,
намрын цуглуулгадаа 100 орчим загварыг шинээр гаргасан байна. Хурлын үеэр
“Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа хэлэхдээ “Манай охид тав дахь цомгийн
ажилдаа орсон. Бүгд л “Гоёо”-гоор амьсгалж байгаа. Цомгийн нүүр хуудас, зурагт
“Киви” хамтлагийнхан “Гоёо” брэндээр гоёж зургаа авхуулна. Өнөөдөр ч гэсэн
“Гоёо” брэндийн бүтээгдэхүүнийг өмссөн байна. Удахгүй би ч гэсэн “Гоёо”-гоороо
гоёно” хэмээн хэлэв. Ямартай ч “Киви” хамтлаг 2010 оны “Гоёо” брэндийн шинэ
нүүр царай болон ажиллаж эхэлжээ.

М.Дөлгөөн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж