Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй уг хурлыг нээж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикаману, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирүүлсэн илгээлтдээ далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бодит бэрхшээлийг шийдвэрлэхэд транзит орнуудын зүгээс илүүтэй анхаарах болсныг тэмдэглээд, хөрш орнуудтайгаа ачаа дамжуулан тээвэрлэх, авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх зэрэг хэлэлцээрийг байгуулсан, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд энэ тэргүүний ач холбогдол өгч буйг тэмдэглээд бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч буйг тэмдэглээд манай улс Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг байгуулах санаачилгыг дэвшүүлэн ажиллаж буйг мэдээлж, далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнууд дахь Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх саналыг дэвшүүлэв.
Хатагтай Ф.Утоикаману далайд гарцгүй хөгжиж буй 32 улс нь дэлхийн нийт хүн амын 7 хувь, газар нутгийн 22 хувийг эзэлдэг хэдий ч эдгээр оронд дэлхийн нийт экспортын нэг хувь оногддог төдийгүй эл тоо буурч байгааг онцолж, тээврийн гол сүлжээний гадна оршдогийн улмаас транзит тээврээс ихээхэн хамааралтай байдаг нь ДГХБО-уудад тулгардаг нийтлэг саад бэрхшээл хэмээн тэмдэглэсэн байна.
Эдийн засгийн коридоруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээрх сайн туршлага, загварыг далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудад хуваалцах, эдийн засгийн коридорын удирдлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмжүүдийг гаргахад энэхүү олон улсын хурлын гол зорилго оршиж байна.
Хурлын хүрээнд ДГХБО-ын худалдаа болон дэлхийн зах зээлд гарахад эдийн засгийн коридорын гүйцэтгэх үүрэг, Еврази, Африк болон Латин Америкийн бүс нутгийн туршлага, чиг хандлага, эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгох, сайн туршлагыг тодорхойлох, санхүүжилтийг бүрдүүлэх, банкны санхүүжилт бүхий дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид санал солилцох юм.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ