"Исламын улс" алан хядагчдын бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгасны дараа шинэ удирдагч сонгогдсон талаар “Newsweek” мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хажи Абдулла аль-Афари гэх нэрээрээ илүү танигдсан Абдуллах Кардаши нь Исламын улсын тэргүүн агсны залгамжлагч болсон байна. Түүнийг өнгөрсөн наймдугаар сард Аль-Багдади “лалын хэргийг удирдах алба”-ны даргаар томилжээ. Хажи Абдулла аль-Афари нь Саддам Хусейний үед Иракт алба хааж байсан аж.
Аль-Багдади нь “Исламын улс” бүлэглэлийн ёс төдий толгойлогч байсан бөгөөд бүлэглэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй байсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 27-нд, Аль-Багдадиг устгах ажиллагаанд тус улсын тусгай хүчний дайчид оролцсоныг тэмдэглээд, “Энэхүү ажиллагааны явцад Америкийн нэг ч цэргийн алба хаагч гэмтээгүй, 11 хүүхэд суллагдсан. Аль-Багдади амиа хорлох бүсээ дэлбэлсэн” хэмээн хэлсэн билээ. Мөн АНУ-ын удирдагч ажиллагаа амжилттай болоход Орос, Сири, Ирак, Турк улсууд тусалсан гээд, талархал илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна.
“Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр, Америкийн цэргийнхэн алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн цогцсыг танихын тулд ДНК-гийн шинжилгээ хийх тусгай төхөөрөмж ашиглажээ. Энэхүү төхөөрөмж нь 90 минутын дотор ДНК-гийн шинжилгээний хариуг гаргадаг байна.
Эх сурвалж: DAILY MIRROR