Монголын “The Hu” хамтлагийн залуус одоо Хойд Америк дахь аялан тоглолтоо үргэлжлүүлж яваа. Хамтлагийн залуус энэ удаагийн аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш аялан тоглохоор төлөвлөөд буй.
Тус хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог өнөөдөр /2019.10.29/ “Харанга” хамтлагийн уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэхээр Төв талбайд ирсэн байлаа. Тэрбээр хамтлагийнхаа аялан тоглолтын талаар мэдээлэл өгөхдөө “Одоо “Тhe Hu” хамтлагийнхан маань АНУ-д сар хагасын тоглолт хийнэ. Тэднийг 30 гаруй тоглолт хүлээж байна. Хамтлагийн залуус маань өмнө нь нэг өдөр өнжөөд тоглолтоо хийдэг байсан бол ойрын найм, есөн хоногт өдөр бүр тоглолттой. Залуусын маань хувьд одоо Олон улсын рок фестивалиуд дуусч, бие даасан тоглолтууд хийх үлдээд байгаа. Одоогийн байдлаар тэднийг АНУ-д 300 мянга гаруй хүн үзээд байна. Миний хувьд хамтлагийн залуусаа Монголд ирэхээс нь өмнө АНУ-ыг зорино” хэмээн хэлсэн юм.
“The Hu” хамтлагийн залуус Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ