Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын түмэн адуу 2019” наадам Хэнтий аймагт арваннэгдүгээр сарын 1-3-нд болох гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр /2019.10.29/ мэдээлэл хийлээ.
Нүүдэлчин ард түмний ахуй, соёлын салшгүй нэг хэсэг болсон адууны өв соёл, ахуйгаа өнөө үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор энэхүү наадмыг 2015 оноос хойш жил бүр зохион байгуулах болсон. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хэмээгддэг Хэнтий аймагт болох “Талын түмэн адуу” наадам нь сурагчдын амралтын үеэр болж байгаараа онцлог. Энэ утгаараа гэр бүлээрээ эрүүл цэвэр агаарт гарч хүүхдүүддээ адууны зүс таниулах, Монголын түүх, адууны өв соёлоо танин мэдэж, уламжлалт малчин ахуйтай танилцаж, олон уралдаанд гэр бүлээрээ оролцох боломжтой юм.
Тус наадамд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус 2000 адуун сүрэгтэйгээ оролцох юм байна.
“ТАЛЫН ТҮМЭН АДУУ” НААДМЫН ХҮРЭЭНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОХ ЮМ БАЙНА
- Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын уралдаан
- “Торгон тар” морьдын богино зайн бооцоот уралдаан
- “Шилмэл гүү” шалгаруулалт
- Адууны зүс нэршлийн танилцуулга
- Хос морьдын хөтөлгөө
- Ховор зүсний адууны цуваа
- Уран уургач шалгаруулах “Шургуу 2019” тэмцээн
- Эмнэг булгиулах үзүүлбэрт тэмцээн
- Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн хийцийн нэгдсэн үзэсгэлэн
- Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
- “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
- Удамт Монгол хүүхдийн морьтой жагсаал /парад/
- Наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт
Холбоотой мэдээ