“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

“Баярт мэдээ сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ"

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт баяр хүргэхээр Төв талбайд Монголын рок попын урлагийн “акулууд” хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Тэднийг Төрийн ордоноос гарч ирэхэд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэл үзүүлж, бөмбөр  тоглосон нь олны сэтгэлийг огшоов. Тэдэнд баяр хүргэхээр "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, Монголын рок поп урлагийн ууган хамтлаг болох “Соёл-Эрдэнэ” , “Өргөө” хамтлагийн том Жагаа буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жаргалсайхан, И.Болоож,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог, "Харанга" хамтлагийн гитарчин Ц.Энхманлай наоын уран бүтээлчид, ар гэрийнхэн нь цугларчээ. 


“ХАМТЛАГИЙНХАНДАА, ФЕНҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА”

 “Хамтлагийнхандаа баярлалаа. Сэтгэгдэл маш сайхан байна. Биднийг өдий хүртэл дэмжиж ирсэн фенүүддээ баярлалаа. Өчигдөр орой 21.00 цагийн үед шагнал  авах талаар сонсоод их догдоллоо” Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

“БАЯРТ МЭДЭЭГ СОНСООД НОЙР ХҮРЭХЭЭ БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ”

Хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн ээж 88 настай буурай хүүдээ баяр хүргэхээр ирсэн хамгийн гол зочин байв. Бөмбөрчин Н.Пүрэвдаш "Миний ээж энд хүрэлцэн ирсэн байна. Хамгийн түрүүнд ээждээ баярлалаа.  Мөн  30 жил хамтдаа байсан “Харанга”-ын андууддаа баярлалаа. Монголынхоо ард түмэндээ талархаж байна. Энэ баярт мэдээг сонсоод нойр хүрэхээ больчихдог юм билээ. Төрөөс бидний хөдөлмөрийг үнэлж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр мялааж байгаад баяртай байна. Бидэнд 40 жилийн уран бүтээлээ хийх эрч хүч, урмыг өглөө” гэлээ.

“ӨНӨӨДӨР АНХ ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЖ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА МААНЬ ДАВХЦАЖ БАЙНА”

Бөмбөрчин Н.Пүрэвдашийн хань П.Отгонтуяа ээж Ц.Должинсүрэнгийн хамт хүрэлцэн ирсэн байлаа.  П.Отгонтуяа “Хань нөхрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байгаад баяртай байна. Үнэхээр сайхан байна. Бид хоёр чинь анх танилцахад би 19, манай хүн 21 настай байсан. Тэгээд би 20 настайдаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Одоо ханьтайгаа амьдраад 40 жил болж байна. Бид 40 жилийн өмнөх энэ өдөр анх гэрлэлтээ бүртгүүлж байлаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ГАВЬЯАТ БОЛЖ БУЙ ХОЁР ДАХЬ ХАМТЛАГ

“Монголын рок хөгжмийг “албан бус урлаг” гэж ярьж, хэлдэг байсан үе бий. Монголын рок поп ертөнцөд хамгийн анх бүрэн бүрэлдэхүүнээр гавъяат болж байсан хамтлаг бол Соёл-Эрдэнэ. “Харанга” хамтлаг хоёр дахь нь болж байна. Нийгмийн шилжилтийн үед 1989 онд төрөн гарсан хамтлаг бол “Харанга”. Монголын нийгэмтэй 30 жил хамтран амьдарсан уран бүтээлчдийн хөлс хүчийг төр засаг үнэлж байгаад баяртай байна. Энэ бол тэдний  шударга хөдөлмөрөөрөө авч байгаа шагнал. Энэ хоёр уран бүтээлчийн амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анхнаасаа л гитар, бөмбөр хөгжим тоглож өссөн уран бүтээлчид шүү” хэмээн "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ярьсан юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж