Европын аваргын урьдчилсан шатны Н хэсгийн наймдугаар тойргийн гурван тоглолт өнгөрсөн шөнө болж, хэсгийг тэргүүлж байсан Италийн шигшээ энэ тойрогт Болгарыг талбайдаа 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Даниэле Де Росси торгуулийн цохилтоос оруулсан юм. Хоёр багаас 55, 56 дахь минутад тус бүр нэг хүн улаан хуудас авсан ширүүхэн тоглолтыг ердөө энэ гоол л шийдлээ. Ингэснээр Итали 18 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Мөн хэсгээс гарах боломжоо ч хадгалж байгаа юм. Харин Болгар 8 оноотой үлдэж, хэсгээс гарах боломжгүй боллоо.
Тэгвэл энэ хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байсан Хорватын шигшээ баг Норвегийн талбайд зочилж, тун чухал тоглолт хийсэн ч хожигдлоо. Хэрвээ хожсон бол Италитай оноо тэнцээд, хэсгээс хоёроор гарах боломжтой байсан. Гэвч боломжоо үгүй хийлээ. Харин Норвеги хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар 16 оноотой болж, үлдсэн хоёр тоглолтоос нэг хожиход л хэсгээс гарах боломжтой боллоо.
Тоглолтын 51 дэх минутад Бергет гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Хорватаас Чорлука өөрийн хаалганд авто гоол оруулснаар, багаа хөөдлөө. Гэхдээ Хорват хожигдсон ч гэсэн 15 оноотой байгаа. Үлдсэн хоёр тоглолтдоо хожиж чадвал хэсгээс гарах боломж байна. Дээрээс нь тэдэнд гуравдугаар байраар шалгараад, плей-офф шатанд тоглох ч боломж байгаа юм. Хэсгийн гарах эцсийн өрсөлдөөн Итали, Норвеги, Хорватын хооронд өрнөх нь.
Энэ хэсгийн гурав дахь тоглолт хэсгээс гарахгүй нь тодорхой болсон Мальт болон Азербайжаны шигшээн хооронд болж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр Азербайжан 6 оноотой болсон бол Мальт ердөө 2 оноотой байна. Мальтаас энэ тоглолтод Мифсуд 55, Эффионг 71 дэх минутад гоолдсон бол Азербайжанаас 36, 80 дахь минутад Амиргулиев хоёрыг оруулжээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn