С.Амарсайхан: Аэро, Майдар зэрэг хотыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Аэро, Майдар зэрэг хотыг хөгжүүлнэ

Тэртээ 1924 оны 10 сарын 29-ний өдрийн БНМАУ-ын анхдугаар их хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Тэгвэл  Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар хот  маань өнөөдөр /2019.10.29/  380 нас зооглож байна. Энэхүү баярыг  тохиолдуулан “Хангарьд”  ордонд хүндэтгэлийн хурал боллоо.  Хурлын арга хэмжээ Төрийн дууллаа эгшиглүүлсээр эхлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ дарга Р.Дагва иргэддээ Улаанбаатар хотыг үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. 

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ҮЙЛ ХЭРЭГТ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ЮУ ЮУНААС ЧУХАЛ

Тэрбээр хэлсэн үгэндээ  “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын тулгийн чулуу хэмээгдэх болжээ.

Өргөө 1639 оноос хойш нийт 28 удаа буурь сэлгэсэн бөгөөд одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ. Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, Баруун, Зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ харчуул, Хороо харчуул хэмээн хуваагддаг байв. Улмаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтжээ.

Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал. НИТХ  аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа олон нийтийн болон, эрдэмтэн судлаачдын санал бодлыг  сонсож иргэдэд  тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх бодлого барин ажиллаж ирлээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ  эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хүнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхээр ажиллахыг бид зорин хичээж байна. 2019 оны аравдугаар сарын байдлаар Нийслэлийн хөгжлийн төлөө НИТХ-ын ээлжит хуралдаан арван удаа, ээлжит бус хуралдаан хоёр удаа хуралджээ. Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тэргүүлэгчдийн хуралдаан   28 удаа хуралдаж бодлого шийдвэрээ гаргасан байна.

Бид нийслэлийн түүхт ойг тэмдэглэхдээ хийсэн бүтээснээ иргэддээ танилцуулж үнэлүүлж, дүгнүүлэн цаашдаа нийслэлийн хөгжлийн төлөөх бодлогоо гаргаж ажиллах учиртай юм” гэлээ.

АГААРЫН БОХИРДОЛ БУУРЧ БАЙГААГ ТА БИД МЭДЭЖ БАЙГАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хуралд хүрэлцэн ирсэн хүмүүс болон иргэддээ хандаж мэндчилгээ хүргэлээ.

“Сүүлийн 30 гаруй жил бидэнд алдаж оносон зүйл цөөнгүй. Асуудлын алдааг харж шалтаглан тоочиж суухаас илүүтэй шийдэл гарцыг олж урагшлан хөгжих нь бидний эрхэм зорилго юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт хамтран ажиллаж байгаа иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Нийслэлийн засаг даргаас хотын бодлогыг тодорхойлохдоо хүн орчин төлөвлөлт буюу хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогын концепцыг боловсруулан ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хот хэрэгжүүлж ажиллаж эрсдэл, алдаа оноотой замыг туулж байгаа хэдий ч тодорхой хувиар агаарын бохирдол буурч байгааг та бид мэдэж байгаа. Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулан Засгийн газар, нийслэлээс төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамруулж түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг ажлууд ид өрнөж байна.

Энэ төслийн хүрээнд эхний шатанд 55 мянган айл өрхийг орон сууцаар хангахаар нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг дурдахад  таатай байна. Түүнчлэн УИХ-аар 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулах төсөв санхүүжилтээ батлуулан ирэх хавар эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж дэд бүтэц, эмнэлэг сургууль цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалт өрнөхөд ойрхон байна.

Мөн  Аэро,  Майдар сити, Налайх Багануур Багахангай зэрэг дагуул  хотуудыг бие даан хөгжүүлэх замаар нийслэлийн өмнө тулгамдсан олон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд бодитойгоор шийдвэрлэх боломжтой” гэв.

ҮЕ,ҮЕИЙН УДИРДЛАГУУДЫГ 380 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАЛАА

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе, үеийн удирдлагууд болох,

  • 1990-1991 онд Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр  нарийн бичгийн дарга, Ардын хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Л.Лантуу,
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын  хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан О.Амархүү,
  • 1990-1996 онд  НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ж.Ядамсүрэн,
  • 1992-1996 онд нийслэлийн засаг даргаар 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав,
  • 2000-2004 онд НИТХ-ын даргаар 2007-2008 онд нийслэлийн засаг даргаар 2008-2012 онд НИТХ-ын  даргаар ажиллаж байсан Т.Билэгт,
  •  2005-2007 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр,
  • 2004-2007 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарыг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүндэт медалиар шагналаа.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж