Э.Оюунболд оо, одоо тахимаа өг

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд оо, одоо тахимаа өг

Э.Оюунболд оо, одоо тахимаа өг

Эрийн шийр, бөхийн жудаг заагаад Э.Оюунболд оо, одоо тахимаа өг.  Бөх хүн бүдүүнд өвсөнд гэдэг. Нэг алдаа л биз, ахиад алдахгүйн төлөө л яв. Нурдаггүй эрэг, алддаггүй эр хүн гэж хаа ч байдаг юм. Алдаанаасаа суралцсан нь л амжилт гаргадаг.

Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо аравдугаар сарын 23-нд хуралдаж, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү авч, аварга цолонд хүрсэн Э.Оюунболд, улсын харцага Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гарган, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Учир нь сэргээшийн шинжилгээгээр улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн, харцага Д.Цэрэнтогтохоос нэг төрлийн сэргээшийн бодис илэрсэн нь тогтоогдсон тул хуульд заасан арга хэмжээг авахуулахаар Ерөнхийлөгчид хандсан нь энэ. Гэтэл нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд хандаад байсан, аварга Э.Оюунболд давхар Допингийн эсрэг үндэсний төвийнхнийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулахаар гомдол гаргажээ.  Сэргээшийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төвд хийдэг байсан бол аварга Э.Оюунболдын өөрийнх нь хэлсэнчлэн “Шээс сольсон” гэх хардлагад итгэж болох юм.  Гэтэл нууцлалыг хангаж, сэргээшийн шинжилгээг БНСУ-руу илгээдэг байгаа.

Илүү тодруулбал, шинжилгээний саванд шээс хийсний дараа автоматаар лацаддаг. Лацыг нь хөндөх боломжгүй. Хэрвээ лацыг хөндсөн байвал лаборатори шинжлэхгүй, журмаараа ийм аж.

Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат “Допингийн шинжилгээ авах үйл явц нь  олон улсын стандартын дагуу болдог учраас ам дамжсан яриа шиг шинжилгээний хариу солигддог, хуудуутай авдаг, авсан хариуг нь дардаг, дарсныгаа өөрчилдөг асуудал огт байхгүй. Тийм зүйл хийх ч боломжгүй. Шинжилгээ авч байгаа үйл явцыг 3-4 хүний гарын үсгээр батал­гаажуулдаг. Нэгдүгээрт, миний шинжилгээг үнэн авсан гэж тамирчин өөрийн гарын үсгээ зурдаг. Хоёрдугаарт, шинжилгээг авч буй Допингийн хяналтын ажилтан бас гарын үсэг зурна.  Гуравдугаарт, давхар хяналт тавьсан допингийн ажилтан бас гарын үсэг зурдаг юм.

Шаардлагатай гэж үзвэл тамирчнаа дагаж ирсэн дасгалжуулагч давхар гарын үсэг зурна. Эдгээр хүмүүсийн гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн нэг хувь нь тамирчинд үлдэнэ. Нэг хувийг нь Дэлхийн допинг­ийн агентлаг руу явуулдаг. Бас нэг хувь “Допингийн төв”-д үлддэг бол өөр нэгийг лабораторид үлдээдэг. Допингийн шинжилгээ өгч байгаа хүний нэрийг саван дээр бичдэггүй, нууц кодтой байдаг. Шээсийг солих,  засуулах боломж байх­гүй” хэмээн ярьсан.  Ийм байхад шээс сольсон гэж ярьж, мөн АТГ-т хандах нь өөрийгөө л улам  эвгүй байдалд оруулж буй.

Түүндээ тулбал Допингийн эсрэг үндэсний төв УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий төв гэж хэлж болно. Нутгийн бөх, гарын шавийнхаа цолыг хураалгах хэмжээний “хор” –ыг энэ төвд “найруулах” хэнд ашигтай гэж…

Одоо энэ хэрүүлийг аварга Э.Оюунболдоо зогсоо… Нас ч бага, цус ч шингэн байна. Аварга цолоо хураалгалаа гээд бөхийн карьер өнөөдрөөр дууслаа гэсэн үг биш. Хоёр жилээр барилдах эрхээ хасуулна л биз. Аварга Б.Бат-Эрдэнийн хэлсэнчлэн Э.Оюунболд байгалиас заяасан бяртай, мэхтэй бол допингоор дарсан бол цойлоод л гарна.

Ясны бөх гэдэг ганц удаагийн сэргээшид даруулж, унтардаг эд биш байх учиртай.

Дарах тусам нь гялалзана гэдэг шиг эрчтэй, хүчтэй тэр үеэрээ дахин эргэн ирэхэд ердөө хоёр жил л байна. Тэр болтол бэлтгэлээ сайн ханга.

Зургаан жилийн өмнө 20 насандаа Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол, хоёр жилийн дараа буюу 2015 онд 22 насандаа Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолонд хүрэхэд “Ирээдүйн аварга” гэж уухайлж байсан ард түмнийхээ тэр хүслийг сэвтээхгүй авч явах нь одоо Э.Оюунболд аваргаас өөрөөс л шалтгаална. Аварга цолыг, бай шагналтайгаа хураалгалаа гээд тэнгэр нурахгүй. Бяр тэнхээтэй, өндөр цолтойгоос илүү жудагтай бөх л хамгийн сайхан гэдэг ахмадын үг бий шүү.

Одоо тахимаа өг, энэ бол наадамчин олны тань хүсэл.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
23
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж