Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархинд цус харваж, үүнээс 6,5 сая нь нас барж, 26 сая хүмүүс харвалтаас тахир дутуу үлдэн хоцорч байна. Харвах асуудал хэзээ ч хэнд ч хэдэн настайд ч тохиолдож болох учир та бидэнд бүгдэд хамаатай асуудал. Гагцхүү хэнд ямар эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаарна. Тархины харвалт хэдий аюултай ч урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл юм. Дэлхий дахинаа тархины харвалт бууруулахын тулд ДЭМБ -аас 2017 онд тархины харвалтыг олон улсын өвчний мэдрэлийн өвчний ангилалд багтаан, урьдчилан сэргийлэлт, суртачилгаа мэдлэг олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг чиг удирдлага болгосон байна. Монгол оронд жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар хоёрдугаар байрыг эзлэн, гэнэтийн үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр өндөр орны тоонд багтдаг. Тархины харвалтын 90% нь 10 эрсдэлт эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг байна. Монгол хүмүүсийн дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байгаа нь харвалт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм.
Монгол улсад тархины харвалт судлалын нийгэмлэг 2009 онд байгуулагдан, 9 жил дараалан ДЭМБ, Дэлхийн харвалтын байгууллага, ЭМЯ, МНЭМҮХ, УНТЭ, УГТЭ, УХТЭ, Дархан, Булган,Сэлэнгэ, Увс, Дорнод, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 10 сарын 29-нд тэмдэглэж ирсэн. Энэ жилээс Эрүүл Мэндийн сайд, жил бүрийн 10 сарын сүүлийн 14 хоногт тархины харвалттай тэмцэх аянт ажил зохион байгуулах тушаал шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд иргэдийг өөрсдөөр нь харвалтын эрсдэлийн үнэлгээ хийх, харвалтын анхны шинж тэмдэг, харвалтын хор холбогдол, урьдчилан сэргийлэх аргуудыг зааж өгөх, цусны даралтаа үзэх арга барилд сургах, аргачилал, гарын авлагаар хангах нь чухал байгаа юм.
Нийт эмнэлгүүд , эмч нар аянт ажлыг зохион байгуулахдаа, Дэлхийн харвалтын байгуулгаас (WSO and WS Campaign) энэ жилийн суртачилгааны ажилд зориулан гаргасан брошур, постерыг эх хэл дэр орчуулан тавьсаныг авч хэрэглэхийг хүсч байна. Мөн бидний боловсруулсан эрсдэлт хүчин зүйлсийн тухай гарын авлага, брошурын эх, шторк видеог авахыг хүсвэл www.msa.edu.mn сайт ба 99098584 руу ярьж холбоо барина уу. Нийтээрээ харвалтын эсрэг амжилттай тэмцэн, тархины харвалтыг бууруулъяа.
Эх сурвалж: Монголын Харвалт Судлалын Нийгэмлэг
Холбоотой мэдээ