Энэтхэгийн өмнөд нутагт 10 метрийн гүнд унасан хоёр настай хүүг аврах ажиллагаа гурван өдрийн турш үргэлжилжээ. Харамсалтай нь, хүүгийн цогцсыг Мягмар гариг (2019.10.29)-т олсон талаар хэвлэлүүд мэдээлэв.
Аврагчид худгийг хүчилтөрөгчөөр дүүргэхийг оролдож байсан ч хүүгийн буй гүнд хүрэхгүй байсан тул уг худагтай зэрэгцүүлэн хоёр дахь худгийг өрөмдсөн байна.
Хоёр настай Сужит Вилсон хүү өнгөрсөн Баасан гариг (2019.10.25)-т гудамжинд хүүхдүүдтэй тоглож байгаад 180 метрийн гүн худагт унажээ. Энэ явдал Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил Наду хотод болсон байна. Аврагчдын мэдээлснээр, хүү эхэндээ 10 метрийн гүнд гацсан ч улам доошилсоор байсан аж.
Орон нутгийн сэтгүүлчдийн мэдээлснээр, ээж нь түүнийг аврах оролдлого хийж, худаг руу очин хүүгээ уйлахгүй байхыг ятгаж байжээ. Харамсалтай нь, түүний оролдлого бүтэлгүйтсэн байна. Хүүг худгаас олсоор татаж гаргах оролдлогууд ч бүтэлгүйтэж байсан аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг улс үндэсний Дивали баяраа тэмдэглэсэн бөгөөд хүүгийн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаж, олны анхаарлыг ихэд татсан байна. Улмаар түүнийг худгаас аюулгүй гаргаж авахын тулд муж даяар залбирчээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн Даваа гариг (2019.10.28)-т худагт унасан хүүгийн төлөө санаа зовж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Энэ оны зургадугаар сард Пенжаб хотод үүнтэй төстэй явдал болж, эмгэнэлтэйгээр төгссөн байна. Аврагчид хоёр өдрийн турш худагт унасан хүүхдийг аврах оролдлого хийсэн ч хүү нас баржээ.
Энэтхэгийн идэвхтнүүд худгийг хаалгүй орхисон хүмүүст хариуцлага ногдуулахыг уриалж байгаа аж.
Эх сурвалж: BBC