Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй Засгийн газар, яамдын төлөөлөөллүүд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажилласан юм. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар гандуу байснаас тарианыхаа багагуй хувийг алдана хэмээн албаныхан мэдээлсэн. Энэ жил улсын хэмжээнд 500 мянга гаруй га-д тариалалт хийсэн билээ.
Ерөнхий сайдын айлчлах эхний газар бол Сэлэнгэ аймгийн нутаг дахь “Сүү” хувьцаат компанийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор юм. Чингис бондоос сүүний чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байгуулах компаниудад санхүүжилт олгосон билээ. Үүний нэг нь “Сүү” компанийн сүүний чиглэлийн үхрийн фермер юм. Энд голштейн үүлдрийн 100 толгой үхрийг импортлон зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж байна. Нэг үнээнээс дээд тал нь 38 литр сүү гардаг байна. Тус ферм нь өдөрт 4000 литр сүү үйлдвэрлэж нийслэлчүүдийн хэрэглээг хангаж байгаа юм.
“Ургац алдахгүй, борлуулалт л хэцүү”
Эндээс гараад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ногоочин С.Батхүүгийн ургацын талбайг зорив. Энэ жил 11 га-д 13 төрлийн ногоо тарьжээ. С.Батхүү гуайн хэлж буйгаар энэ жил гантай байсан ч усалгааны шугамаа шийдсэн учраас ургац алдах зовлонгүй хэмээн ам бардам хэлж байв. Тэрбээр “Арчилгаа, усалгаагаа өөрөө сайн хийсний дүнд энэ жил гарз хохиролгүй байна. Хашаандаа 80 га усалгааны шугамтайн хүчинд болж байна. Зарим нутгаар хэцүүдсэн сурагтай. Гэхдээ энэ жил улсын хэмжээнд ургац хураалт оройтож байна. Миний хувьд ургацынхаа 30 хувийг л хураасан” гэв. Түүний хувьд ургац алдах зовлонгүй хэмээн хэлж байв. Гэхдээ хурааж авсан ногоогоо хэрхэн борлуулах вэ гэх толгойны өвчин бий гэдгээ сайдад хэлсэн юм. Энэ жил ургац хураалт оройтсон, үүнийг дагаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн ч хойшилжээ. Тиймээс ногоогоо хураагаад худалдаанд гаргахдаа лангуу, дэлгүүргүйн зовлонгоор хэт хямд үнээр худалдах магадлалтай гэв.
Гэхдээ Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн гаргаж тариаланчид, ард иргэд аль аль талдаа боломжийн үнээр ногоо борлуулахаар болсон байна.
“Ойрын жилүүдэд ийм ган үзээгүй”
С.Батхүү гуайн тариалангийн талбайгаас гарч 140 км явснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг зорив. Энд “Газрын Ундраа” компани 1200 га талбайд тариалалт хийж байна. 1200 га-д налайн шаргалтах тариан түрүүний өндөр нь хөлийн шагайнаас дээш гурван хуруу л хүрэхээр юм. С.Батхүү гуайн тариаланд ажилладаг Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуай энэ зуныг “Ойрын 38 жил үзээгүй гантай жил” хэмээн тодорхойлжээ. Тариаланчдын хэлж буйгаар энэ намар аль болох хорогдол багатайгаар тариагаа хурааж авах нь гол асуудал гэнэ. “Га-гийн дундаж 50-60 хувьтай. Зарим газар бүр 5-10 хувийн л уриншилттай байна. Тариаланчдын хувьд тарьсан тариагаа хаягдалгүй авах нь л нэг номерт байна. Түүнээс биш тоног төхөөрөмж шинэчлэх, тариаланчдын зээл төлөлт зэрэг нь дараагийн асуудал болоод байна” хэмээн “Газрын ундраа” компанийнхан уламжилсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ер нь нийгмийн сэтгэлзүй ч бэлэн болчих шиг боллоо. Ямартай ч бид эхний ээлжинд дотооддоо тарьсан улаанбуудайгаа худалдаж авна. Үлдсэн хувийг импортлохоос аргагүй. Үүнийг хэн дуртай хүнд өгч, ганзагын наймаа шиг болгохгүй. Нэг цонхны бодлогоор зохицуулна. Та бүгдийг эхний ээлжинд дотоодын компаниудтай холбож улаанбуудайг борлуулна” гэв.
“Тариаланч, малчдын асуудлыг шийдье”
Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас 90 км зайд Баруунбүрэн сум оршино. Хөшөөтийн даваа гэх газар “Бүрэн Оргил Од” компани 540 га газарт тариалалт хийжээ. Энд тариаланчид тариа хураалтаа хараахан эхлээгүй байна. Жил жилийн дунджаар 540 га газраас 18-22 центнер тариа хураан авдаг байжээ. Харин энэ жил 15 цент хүрвэл их юм хэмээн тариаланчид ярьж байна. Энд тариалалт мөн л сайнгүйг тариаланчдын хэлэх тоо баримт харуулна. Нэгэнт ургацын асуудал хүндэрсэн энэ үед тариаланчид Ерөнхий сайдап гурван хүсэлт тавив. Нэгдүгээрт, байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан энэ үед тариаланчдыг даатгалд хамруулах. Хоёрдугаарт, тариаланч, малчин хоорондын зохицлын асуудлыг даруй шийдвэрлэх. Гуравдугаарт, тариаланчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгохыг хүссэн юм.
“Ургацын 35 хувийг алджээ”
Дараагийн зогсоол Булган аймаг. Аймгийн хэмжээнд энэ жил 45 мянга гаруй тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Гэвч одоогоор 35 хувийг нь алдах тооцоо гаргасан байна.
Булган аймгийн Хангал суманд байрлах “Молор эрдэнэ түрүү” компанийн хувьд л гэхэд энэ жил 910 га газарт тариалалт хийжээ. Одоогоор 65 га-гийн ургац хураасан байна. Инженер Б.Цэнджаргал “Тариа эд хураалтын үеэр бороо хур ихээр орж байна. Тиймээс энэ жил тариа хураалт оройтсон. Тариаланчид бид хүлээлттэй л байна даа” гэв.
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дахь “ИНТОСЭ” компанийн хувьд ч гэсэн бороо хур ихтэй учраас хүлээлтийн байдалд оржээ. Тариаланчдын хэлж буйгаар хэт ган болсны дараа тариа хураах үеэр бороо орсон нь ихээхэн хүндрэл учруулсан гэв. Мөн “Зарим талбайд бороо орсны дараа нялх ногоо гарч ирж байна. Үүнийг ангилахад тариа нь намхан болдог. Энэ мэтчилэн асуудал бий учраас тариа хураалтаа хоёр янзаар хийж байна” хэмээн тус компанийн тариаланч хэлэв.
Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг газар тариалангийн бүс нутгаар явж нөхцөл байдалтай танилцсан юм. Эхний ээлжинд тариаланчидтай газар дээр нь уулзсаны дараа эрхзүйн орчноос эхлээд асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Эхний ээлжинд газар тариалангийн бүсийн үнэн, бодит байдлыг харна. Ирэх Засгийн газрын хуралдаанаар Тариалангийн тухай шинэ хуулийн үзэл баримтлалыг ярина. Сүүлийн хэдэн сард тариаланчидтай уулзалт хийж хэд хэдэн асуудлыг ярилцсан. Энэ асуудлуудаа хуульдаа оруулна. Газар тариалан, малчдын харилцаа, газар ашиглах, эзэмших хугацаанаас эхлээд олон асуудал орсон. Цаашид байгалийн эрхшээлд орсон энэ чигээр үргэлжлэх үү гэхээс эхлээд бүх асуудлыг шийдвэрлэж өгнө” гэв.
Б.ЗАЯА