Бостон коллежийн оюутан, 21 настай Инёон Юү найз залуугийнхаа үхлийн шалтгаан болсон хэмээн өчигдөр буюу аравдугаар сарын 28-нд ял сонслоо.
Прокурор "Юү нь 22 настай Александер Уртулатай үерхсэн 18 сарын хугацаанд түүнийг зан аашаараа, биеийн, үгийн, сэтгэлзүйн дарамтанд оруулснаар амиа егүүтгэхэд хүргэсэн" хэмээн шүүх хурлын үеэр хэлжээ.
Уртула Бостон коллежийн биологийн ангийн оюутан төдийгүй Нью Иоркийн эмнэлэгт судалгааны туслах ажилтан байжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 20-нд төгсөлтийн баяраасаа ердөө 90 минутын өмнө амиа хорлосон гэнэ.
Оюутны зөвлөлийн дарга Жой Мүүр түүнийг онц сурлагатай, нийгмийн идэвх санаачлага сайтай, Бостон коллежийн Филлипин нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан хэмээн дурссан байна.
Инёон Юү нь 2020 онд коллежоо эдийн засагч мэргэжлээр төгсөх байсан ч сургуулиа хаяж БНСУ-руу буцсан ажээ.
Прокурорууд Юү болон Уртулагийн солилцсон 75000 цахим зурвасыг дэлгэхэд ихэнх нь Юүгийн зүгээс бичсэн "үхээд өг", "өөрийгөө алаач" гэсэн утгатай зурвас байжээ. Энэ бүхний дарамтанд хэрхэн орж, гутарч байсныг Уртулагийн ангийн найз нөхөд гэрчилсээр байгаа гэнэ.
"Тавдугаар сарын 20-ны хэргээс өмнөх хоёр сарын хугацаанд хосын бие биедээ бичсэн 75000 гаруй зурвасын 47000 гаруйг нь Юү бичсэн. Эдгээр зурвасуудаас харахад Юү маш бүдүүлгээр харилцаандаа давуу эрх эдэлж, Уртулаг сэтгэл, мэдрэлээр нь тарчлааж байсан нь тодорхой байна" хэмээн прокурорууд хэлээд Юүд 20 хүртэлх жилийн хорих ял оноогдох болно хэмээжээ.
Мөн өмнө нь Мишел Картерийн зан авираас болж Конрад Рой амиа хорлож Картерт 15 сарын хорих ял оноосон хэрэг гараад удаагүй байгаа билээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: nextshark.com
Холбоотой мэдээ