Евгений Максимович Примаковын намтар

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Евгений Максимович Примаковын намтар

Евгений Максимович Примаковын намтар

Евгений Максимович Примаков (1929-2015) 1929 оны 10-р сарын 29-нд Киев хотод төрсөн бөгөөд бага болон идэр насаа Тбилист өнгөрөөжээ. 1953 онд Москвагийн Дорно дахины судлалын дээд сургуулийг, харин 1956 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн эдийн засгийн тэнхимийн аспирантурыг төгссөн. 1956-1960 онуудад тэрээр Улсын Радио, Телевизийн Ерөнхий Газрын хариуцлагатай редактороор, дараа нь мөн газрынхаа ерөнхий редактороор, харин 1960-1962 онуудад Радио, Телевизийн Нэвтрүүлгийн Улсын Хорооны Ерөнхий редакцийн орлогч редактороор ажиллаж байв.

Примаков мөн шинжлэх ухааны чиглэлээр нухацтай ажиллаж байсан бөгөөд 1960 онд докторын зэргийг хамгаалж, 1979 онд ЗХУ-ын ШУА-ийн академичээр сонгогдсон. Найз нөхдийнх нь дурсаж буйгаар Евгений Максимович өөрийнхөө эрдмийн цолоор ихэд бахархдаг байжээ. Түүний шинжлэх ухааны сонирхлын цар хүрээ маш өргөн байсан ба тэрээр эдийн засгийн асуудлаас гадна ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоонд зориулан Дорнын орнуудын талаар практикийн болоод дүн шинжилгээний зөвлөмжүүдийг боловсруулдаг байв. Энэ нь түүний цаашдын ажил, амьдралд ихээхэн нөлөөлсөн ба үйл ажиллагааныхаа тэрээр байнга Дорно зүгийг чиглэдэг байлаа.

1962 оноос Примаков «Правда» сонинд хөдөлмөрлөж, 1966 он хүртэл тэрээр Ази, Африкийн хэлтсийн тоймч, редакторын орлогчоор, харин 1966-1970 онуудад Арабын орнууд дахь «Правда» сонины өөрийн сурвалжлагчаар ажилласан.

1970 онд Евгений Максимович шинжлэх ухааны ажилдаа эргэн орсон ба 1977 он хүртэл ЗХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирлын албыг хашиж байжээ. Үүний дараа ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад 1985 онд Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар томилогдсон байдаг.

1986-1989 онуудад ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны орлогч гишүүн, 1989 оноос хойш гишүүн байсан тэрээр Горбачёвын шинэчлэлийн хөтөлбөрийн үнэнч дэмжигч гэдгээ батласан ба Михаил Сергеевич Примаковыг маш их хүндэлдэг, түүний ур ухаан, ёс зүйг нь ихэд үнэлдгээ нэг бус удаа илэрхийлж байжээ.

Онцгой Байдлын Улсын Хорооны үйл ажиллагаа дуусгавар болсны дараа Евгений Примаков өөрийн амьдралаа олон жилийн турш тагнуулын албатай холбосон ба 1991 оны 9-р сараас 11-р сар хүртэл тэрээр ЗСБНХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны даргын нэгдүгээр орлогчоор болон ЗСБНХУ-ын УАХХ-ны 1-р Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд уг хэлтэс нь тухайн оны арванхоёрдугаар сард Гадаад тагнуулын алба болж өөрчлөгдөхөд түүнийг толгойлов. Примаковыг энэ албыг хашиж байхад дүн шинжилгээний хэд хэдэн нээлттэй тайлангууд боловсруулагдсан байдаг ба тэд нь Козыревын удирдаж байсан Гадаад хэргийн яамны бодлогоос зарим талаараа арай өөр байр суурийг илэрхийлж байжээ.

1996 онд Примаков өөрөө Гадаад хэргийн яамыг толгойлсон ба тэрээр Оросын байр суурийг өмнөх жилүүдийнхээс илүү хатуу хамгаалж эхэлсэн. Харин Ирак, Югослав, НАТО-гийн Дорнод зүгт тэлэх зэрэг олон улсын улс төрийн харилцааны зарчмын хэд хэдэн асуудлаар баримталж байсан түүний байр суурь нь асуудлыг тайлбарлах Барууны өнцгөөс зөрдөг байсан ч тэрээр өөрийн үзэл бодлоо тууштай, идэвхтэй хамгаалдаг байжээ.

Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Евгений Максимовичийн илрхийлсэн шинж чанарууд нь Оросын улс төрчдийн анхаарлыг татсан ба түүний зарчимч байдал, эх оронч сэтгэл ба үнэнч шударга зан нь тус улсын ерөнхийлөгчийг сонгоход болон түүнтэй Оросын Төрийн Дум зөвшин тохиролцоход гол үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс наймдугаар сарын хямралын дараа буюу 1998 оны 9-р сараас 1999 оны 5-р сар хүртэл Евгений Примаков ОХУ-ын Засгийн Газрын тэргүүнээр ажиллаж байв. Чухам энэ хугацаанд Оросын эдийн засаг сэргэх зам руугаа орсон юм. Дэлхийн газрын тосны үнэ өссөн нь тус улсын хувьд таатай нөхцөлийг бүрдүүлсэн ба Примаковын засгийн газар уг нөхцөл байдлаас боломжтой бүхнийг дээд хэмжээгээр нь шахан авч чадсны ачаар Орос Улс хямралыг хурдан хугацаанд даван туулав.

1998 оны 8-р сард Оросын засгийн газрын хүрээнд болон улс даяар бүрэлдэн тогтсон нөхцөл байдал нь юуны түрүүнд нийгмийн харилцан ойлголцлыг бий болгохыг, төр засгийн төрөл бүрийн байгууллагууд болон хүн амын давхаргуудын бодит хамтын ажиллагааг, мөн нийгмийн үйлдвэрлэл болон түүний оролцогчдын соёлтой харилцааг зохион байгуулах буюу улс орны тэр үеийн эдийн засгийн төлөв байдалд хамгийн тохиромжтой хэлбэрийг хайх ажиллагааг идэвхжүүлэхийг шаардаж байв. Евгений Максимович Ерөнхий сайдаар маш богино хугацаанд ажилласан ч албан үүргийнхээ эхний саруудад де-факто улсынхаа дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан ба дипломатч Примаков олон түмний хувьд үл мэдэгдэх ч улс орны хувьд маш чухал ач холбогдолтой ажлыг хийж гүйцэтгэсэн буюу тэрээр олон тооны туйлширсан үзэл бодол, хөтөлбөрүүдийг улс төрийн зөвшилцөлд хүргэж чадсан юм. Улмаар эдийн засгийн гүн хямралын дунд засгийн газрын үйл ажиллагаа аажмаар сэргэж, төрийн яам агентлагууд хэвийн ажиллаж эхэлсэн.

Примаковын олон улсын харилцааны туршлагыг төр засгаас онцолж байсан учир 2000 оны 6-р сард түүнийг Днестр орчмын асуудлыг шийдвэрлэх комиссын даргаар томилжээ. Харин 2001 оны 12-р сарын 14-ний өдөр Евгений Максимович ОХУ-ын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит бус IV чуулганаар тус Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдов.

«Феномен Примакова» буюу Примаковын онцлог нь тэрээр ямар ч нөхцөл байдалд юуны түрүүнд тэсвэр тэвчээр гаргаж, мэргэжлийн өндөр чадвараа харуулж, эх оронч үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч байж, хүн төрөлхтний болон нийгмийн мөнхийн үнэт зүйлсийг тууштай баримталдаг байсанд оршино. Харамсалтай нь, эдгээр зан чанарууд нь орчин үеийн буюу ЗХУ задран унасны дараа төр засгийн удирдлагад гарсан улс төрийн элитийн ихэнх төлөөлөгчдийн хувьд маш ховор үзэгдэл байв. Улс орон хүнд хэцүү цаг үетэй тулгарахад яг ийм улс төрчид үргэлж эрэлт хэрэгцээтэй байдгийг Оросын түүх баттай нотолно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж