Долларын ханш, бондын өр өслөө

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Долларын ханш, бондын өр өслөө

Долларын ханш, бондын өр өслөө

Хаврын чуулган хаалтаа хийснээс хойш энэ намрын хувьд УИХ-ын ээлжит бус чуулган хоёронтаа зарлан хуралдаж байгаа юм. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Шийдлийн засагт ажиллах сайдуудын томилгоог хэлэлцэнэ. Эдгээр асуудлуудтай зэрэгцээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой нэгэн чухал асуудал бол Улсын төсвийн тодотгол.

Учир нь энэ оны төсвийн тодотгол мөн ирэх жилийн улсын төсвийг хэрхэн батлахаас ирэх жилүүдэд төлөх бондын өр зохицуулагдах юм.

Ердөө жил гаруй хугацааны дараа буюу 2017 оноос Монгол Улс гаднаас зээлж ирсэн “гоё”, “гоё” нэртэй бондуудынхаа өрийг төлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2017-2023 оны хооронд Монгол Улс нийтдээ 4.4 тэрбум ам.долларыг гадагшаа төлнө.  Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 21.6 тэрбум долларт хүрсэн. Үүний 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа юм.

Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал “үйлдвэрлэх”  болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал  бондын эргэн төлөлт эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна.

2017 оноос төлж эхлэх дөрвөн тэрбум долларын өрийг ямар эх үүсвэрээс, яаж төлөх вэ гэдгээ монголчууд одоо хүртэл тодорхойлоогүй, “Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр саарал ордны улстөржилт, сандал суудлын хэрүүлд хамаг анхаарлаа тавьцгаажээ.

Бондын өрийг төлөхтэй холбоотойгоор Дунд хугацааны өрийн удирдлагын баримт бичгийг  Сангийн яамныхан хахир хавраас боловсруулж байгаа сураг сонсогдоод  таг, чиг болчихлоо.  Энэ баримт бичиг хаана явааг харин өнөөдөр мэдэх хүн ч бараг алга байна. Уг нь энэхүү баримт бичигт бондын зээлийн эргэн төлөлтийг хэрхэн яаж зохицуулах вэ гэсэн зарчмын зохицуулалтыг тусгах юм. Үүнтэй уялдуулж, ирэх жилийн улсын төсвийг ч батлах учиртай.

“Чингис” бондын хүрээнд Монгол Улс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хүүтэйгээр, харин нэг тэрбум ам.долларыг нь арван жилийн хугацаатай, жилийн 5.125 хүүтэйгээр зээлсэн. “Самурай” бондын хүрээнд арван жилийн хугацаатай, 30 тэрбум иенийг, 1.52 хүүтэйгээр зээлж, 2023 он гэхэд энэ бүх өр зээлийг төлж дуусгасан байх ёстой. Ийм их мөнгийг төлөх эдийн засгийн нөөц бидэнд байгаа юу?

“Чингис” бондын зээлийн хүүнд хоногтоо 130-140 мянган доллар төлдөг. Тэгвэл өнөөдөр  Монголбанкны хаалтын ханшаар тооцоход  нэг ам.доллар 1994 төгрөгтэй тэнцэж буй. Эндээс харвал ханшийн өсөлттэй уялдуулан бодоход зөвхөн “Чингис” бондын хүүнд Монгол Улс хоногтоо л 260-280 сая долларыг гадагш нь “урсгадаг” аж.  Хар ухаанаар тооцбол,  авто зам, барилга байгууламж, төмөр замын шороо, тоосонд зарцуулаад дууссан “Чингис” бондын хүүнд хоногтоо дор хаяж 130 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих мөнгийг төлдөг гэж ойлгож болно.

Тэгэхээр гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал татарч, хагас жилдээ дөнгөж 44 сая долларын хөрөнгө оруулалт татсан Монгол Улс цаашдаа бондын үндсэн зээлийг цаг тухайд нь төлж чадна гэсэн эдийн засгийн итгэл ч алга.

Хэтэрхий гоёмсог нэртэй бондуудын зээл дээр  “Чалько”-гийн өрийг нэмбэл, ирэх жилүүдэд монголчууд бүсээ бүр ч чанга бүслэхэд хүрч магадгүй нь. Учир нь Монгол Улсын Засгийн газар ойрын арван жилд нэгдсэн төсвийн зарлагынхаа 8-10 хувийг зээлийн үйлчилгээнд төлөхөөр байгаа юм. Тэгэхээр төсвийн орлогыг жил бүр найман хувиас дээс өсгөх, үүний тулд орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг ч эдийн засагчид хэлж байна. Гэхдээ өнөөдрийн “өөхөнд” шунах бус маргаашийн уушиг илүү гэдгийг сануулах хүн цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр орж ирэх хөрөнгө оруулалтаас илүү ирэх 2017, 2018 онд төсөвт дэмжлэг үзүүлэх эдийн засгийн хөрөнгө оруулалт чухал, үүний тулд нэмүү өртөг шингээсэн экспорт руу мөнгөө шингээх ёстой болж байх шиг.

Одоогоор бондын хүүгийн дарамтыг сулруулах хамгийн эхний ажил бол долларын ханшийг бууруулах. Ханш гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч, хамгийн гол нь эдийн засагт орж ирэх валютын урсгал нэмэгдсэн тохиолдолд буурдаг.

Гэвч, өнөөдрийнх шиг улс төрийн тогтворгүй байдал үүссэн, засаглалын хямрал нүүрлэсэн нөхцөлд хөрөнгө оруулагчдаа хөөж, туухын зэрэгцээ авлигачдаа хүртэл өршөөчихөөр асуудал улам дордох нь гарцаагүй. Алдагдсан итгэлийг сэргээхгүйгээр Монгол Улсад доллар орж ирэхгүй. Доллар орж ирэхгүй бол өрийн дарамт улам нэмэгдэнэ. Монголбанк ямар доллар үйлдвэрлэж чадах ч биш дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж