Google Maps программыг одоо интернэт ашиглагч бараг хүн бүр мэддэг болсон. Тэгвэл үүнийг илүү боловсронгуй болгохоор дэлхийн том том хотуудын зургийг авахад ашиглагддаг Google Street View-ийн машинуудыг тойрсон асуудал нэлээд хурцдаад байгаа билээ. Хэрэв та сонсоогүй бол уг машинууд үндсэн ажлаа гүйцэтгэж явах үедээ санамсаргүйгээр ойролцоох Wi-Fi сүлжээнд холбогдсон компьютерүүдээс тухайн хэрэглэгчийн интернэтэд оруулсан мэдээллийг цуглуулж байсан нь илэрсэн юм.
Энэхүү хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал л чухамдаа Microsoft, Yahoo, Google-ийн нөгөө амлаад байдаг аюулгүй байдал шүү дээ. Үүнээс хойш Google-ээс хэл ам салахаа больсон байна. Саяхан Google-ийн CEO Эрик Шмит “Шүүмжлэл, хэрэглэгч, өрсөлдөөн гурвын нэгдэл нь компанийн амжилттай явах эх үндэс болдог” гэх тайлбар өгсөн байна.
“Миний бодлоор бол шүүмжлэл бол сайн зүйл. Шүүмжлэл биднийг мэдээллээр хангаж, биднийг илүү сайжрах боломж олгодог. Миний хувьд шүүмжлэл хэзээ ч яршиг төвөг болдоггүй. Хүмүүсийн санаа зовох нь зөв, би тэднээс зайлсхийхийг оролдоогүй. Асуудлын гол нь та онлайнд байх бүх хугацаанд компьютер таны тухай маш их мэдээллийг бий болгож байдаг. Энэ бол зөвхөн Google-ийн асуудал биш, нийт нийгмийн асуудал. Их Британид таны зургийг гудамж бүрт автоматаар авч байдаг. Тэнд хэв журам зөрчсөн зүйл хаана байна? Бодит байдал бол бид шийдвэрээ энгийн хэрэглэгчдийнхээ өгсөн санал дээр үндэслэн гаргадаг. Хэрэв бид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдвал хэрэглэгч нар маань шууд л Google-ийг орхих болно гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: “Компьютер таймс”