Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Калифорнийн гамшиг

Калифорнийн гамшиг

АНУ-ын Калифорни муж улсад ой хээрийн түймэр газар авч, өнгөрсөн Ням гариг (2019.10.27)-т тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом онц байдал зарласан бөгөөд нөхцөл байдал хүнд байгаа ажээ. Хүчтэй салхины улмаас тус мужийн хойд болон өмнөд хэсэгт түймэр тархаж, байшин барилгууд эвдэрч сүйдсээр буй юм байна.

“Кинкэйд” хэмээн нэрлэгдээд буй энэхүү түймрийн улмаас 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь тус мужийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан нүүлгэн шилжүүлэлт болжээ. Амбан захирагч өмнө нь “79 барилга, байгууламж галд өртөж, 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна” хэмээн мэдээлж байв.

Түймэр 12 мянган га газар тархсанаас 10 орчим хувийг нь цурамд оруулжээ. Байгалийн гамшгаас болж “Pacific Gas and Electric” компанийн нэг сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон байна. Ой хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 3000 гал сөнөөгч дайчлагдан ажиллаж буй ажээ.

Өнгөрсөн долоо хоногт хүчтэй салхи, хэт хуурайшилтын улмаас тус мужийн хэмжээнд хэд хэдэн газар ой хээрийн түймэр гарсан байна. Калифорни мужийн гал унтраах газраас мэдээлснээр, Ням гаригийн байдлаар салхины хурд 144 км/ц-аас 80 км/ц болж буурчээ.

Энэ сард хуурайшилт болон салхи ихтэй байгаагийн улмаас ойн түймэр дэгдсэн гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Түймэр цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээх эрсдэлтэй байгаа тул цахилгааныг хэсэгчлэн таслахаар төлөвлөсөн тухай эрчим хүчний "PG&E" компани мэдэгджээ.

АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, Калифорни муж улсад гарсан түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 200 орчим байшин барилга эвдэрч сүйдсэн байна.

Ньюсом "Бид бүх боломжоо ашиглаж байна. Түймрийг унтраахын тулд олон агентлагтай хамтран ажиллаж байна” хэмээн хэлжээ.

ӨНГӨРСӨН ОНД ТҮЙМРИЙН УЛМААС 86 ХҮН АМИА АЛДАЖ, ОЛОН ЗУУН ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ

Дэлхийн дулаарлын улмаас агаарын хэм нэмэгдэж, модод улам хуурай болж буй нь гал түймэр дэгдэх эрсдлийг нэмэгдүүлсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өмнөх жилийн өвөл хэр чийглэг байснаас үл хамааран Калифорнид 2018 онд дэгдсэнтэй ижил гал түймэр хэзээ ч дахин дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар АНУ-ын хэвлэлүүд өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв.

2018 онд Калифорни муж улсад дэгдсэн гал түймэр нь түүхэнд байгаагүй хамгийн өргөн хэмжээний газар нутгийг хамарч, 3.5 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулжээ. Үүний зэрэгцээ 86 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтсэн байна.

2017 он аравдугаар сарын эхээр мөн л Америкийн Калифорни мужид ойн түймэр дэгдсэн. Тухайн үед мужийн амбан захирагч Жерри Браун мужийнхаа Напа, Сонома, Юба, Мендосино, Невада, Ориндж, Бьютт и Лейк тойргуудад онц байдал зарлаж, галын аюултай бүсээс 100 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Гамшигт түймэр дэгдэх үеэр Франц улсад айлчилж байсан Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Ойн менежментийг зохистойгоор хэрэгжүүлж чадвал бид Калифорни мужид дэгдээд буй аймшигт түймрийг дарж чадна. Ухаалаг бай” хэмээн жиргэж байв.

Өмнө нь тэрбээр өгөршиж муудсан хөгшин моддыг цэвэрлэсэнгүй хэмээн Калифорни мужийн эрх баригчдыг буруутган, санхүүжилтийг зогсооно гэж сүрдүүлж байжээ.

Түймрийн хамарсан газар нутаг Америкийн Нью-Йорк хотын газар нутгаас ч давжээ. Гал түймрийн улмаас 40 хүн нас барж, 5000 байшин шатсан бол дөрвөн 4000 байшин хагас шатаж, 3000 машин түймэрт өртжээ.

Арванхоёрдугаар сарын 4-нд дахин ойн түймэр дэгдэж, зургаан ч газарт түймэр асч байсны хамгийн том нь “Томас” түймэр байв. Энэ түймрийн улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал унтраахад 4000 гал сөнөөгч оролцжээ. Хоёр хүн нас барсны нэг нь гал сөнөөгч байсан аж.

Хүчтэй салхитайн зэрэгцээ хуурайшилт их байгаа нь гал түймэр тархах гол шалтгаан болоод байна гэж гал сөнөөгчид мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС, CNN, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж