Д.Отгондалай: Ялагдах эрхгүй байлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай: Ялагдах эрхгүй байлаа

-9 тамирчнаас ганцаараа финалд үлдсэн болохоор хүнд байлаа шүү. Яг л өнгөрсөн жилийн Инчёны Азийн наадам давтагдлаа. Гэхдээ байгаа хүчээ дайчлан аварга болох зорилгодоо хүрлээ-

Тайландын нийслэл Бангкок хотноо болсон сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль авсан бол Э.Идэрхүү шөвгийн наймд үлдсэн. Эдгээр тамирчид бүгд ирэх  сард Катарт болох ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ.

Азийн наадмын аварга, Азийн аварга Доржнямбуугийн Отгондалайтай ярилцлаа.

-Юуны өмнө Азийн аварга болсонд баяр хүргэе? Нийт хэдэн тоглолт хийсэн бэ?

-Баярлалаа. Би энэ удаагийн Азийн аваргад оролцохын өмнө 60 кг-д чансаагаар нэгд бичигдсэн. Тиймээс нийт оролцсон 24 тамирчнаа тэргүүлсэн. Дөрвөн тоглолт хийсэн. Эхний тойрогт гоц мөргөж, анхны тулаанаа Индонезын Ф.Папендантай хийж, 3:0-оор хожин шөвгийн 16-д үлдсэн. Улмаар Тайландын Л.Пачаня, Узбекстаны Авдураймов нарыг мөн л илүүрхэн хожлоо. Алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Казахстаны тамирчин З.Сафиуллинтай хийж, 2:1 онооны харьцаагаар хожсон юм. Ер нь бол бүх тоглолтууд хүнд болсон. Ялангуяа шөвгийн тоглолт их хэцүү байлаа. Гэхдээ өрсөлдөгч тамирчнаасаа давуу байгаагаа мэдэрсэн болохоор хөмсөг задрахад санаа зовоогүй. Бүхий л байгаа хүчээ дайчлан тоглоё гэж бодож байсан.

-Энэ удаагийн Азийн аварга ДАШТ-д оролцох эрх олгож байснаараа ихээхэн онцлогтой боллоо. Манай бусад тамирчдын тухайд юу хэлэх вэ?

Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан дасгалжуулагч нарын удирдлагад есөн тамирчин Азийн аваргад оролцлоо. Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэмд тивийн аваргадаа эхний долоод орсон тамирчид ДАШТ-ийг зорих эрхийг олгож байсан болохоор өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Тэр дундаа манай тамирчдын хувьд ч хүндхэн тулаанууд олон боллоо. Нийт 66 тамирчин ДАШТ-ийг зорих эрхтэй болсон. Тэдэн дунд манай дөрвөн боксчин багтсан. Гэхдээ манай тамирчдын тоо нэмэгдэх боломж байлаа. Шүүлтийн хувьд бол бас л эргэлзээтэй шүүлтүүд болсон.

-Тэгэхээр зарим тоглолтод шүүлт нөлөөлжээ.

-69 кг-д Д.Түвшинбат мөнгөн медалийн төлөө дэлхийн аварга Казахстаны тамирчин Д.Елеусиновыг гурван үе илүүрхэж байсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ тоглолтын дараа Казахстаны шүүгч манай талд “Танай тамирчин илүү тоглосон шүү” гэдгийг хэлсэн. Манай тамирчин илүү тоглож байсныг танхимд байсан олон орны дасгалжуулагч нар харж байсан. Тэд ч манай тамирчин илүү байсныг хараад мэдэрсэн. Даанч үүн дээр шүүлтийн алдаа гарсан даа.

-Бас 81 кг-д С.Эрдэнэбаяр шөвгийн наймд үлдэх боломж байлаа даа.

-Тийм ээ, олон тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-ийг зорих нь чухал байлаа. Хэдийгээр бид дөрвөн эрх авсан ч нэмэх боломж байсан. 81 кг-д С.Эрдэнэбаяр эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д үлдээд байсан ч шийдвэрлэх тулаанаа хийж байхад өрсөлдөгч тамирчинд мөргүүлээд эмчийн магадлалаар тэмцээнийг харамсалтайгаар үргэлжлүүлж чадаагүй. Уг нь манай тамирчин илүү байсан юм.

-Таны энэхүү алтан медаль Азийн аваргын хэд дэх медаль вэ? Мөн манай боксчид Азийн аваргаас хэдэн алтан медаль аваад байна вэ?

-Би 2011 онд БНХАУ-д болсон Азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Энэ жил алтан медаль авч амжилтаа улам ахиуллаа. Боксын Азийн аваргын тэмцээний хувьд анх 1971 онд Ираны Тегеранд зохиогдож байсан. Дөрвөн жилд нэг удаа болдог байсан тэмцээн сүүлийн жилүүдэд хоёр жилд тутамд болж байна. Азийн аваргаас анх манай тамирчдаас 1971 онд Х.Алтанхуяг авч байсан түүхтэй юм билээ. Тэр цагаас хойш олон тамирчин тивийн аваргад түрүүлсэн. 2007 оны Азийн аваргад П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, З.Энхзориг нар түрүүлж байсан нь олон хүүхдүүдэд ихээхэн урам өгсөндөө. Би тэр үед боксоор ид хичээллэж байсан юм. 2011 онд БНСУ-д болсон тэмцээнээс У.Мөнх-Эрдэнэ алтан медаль авч байсан бол би энэ жил Азийн аварга боллоо. Миний энэ алтан медаль манай тамирчдын 11 дэх нь.

-Энэ удаагийн Азийн аваргын тэмцээн өнгөрсөн жилийн Инчёны Азийн наадмыг санагдууллаа шүү дээ.

-Тиймээ, ер нь бол тийм зүйл боллоо шүү.(инээв) Олон улсын сонирхогчдын боксын холбооны дүрэмд өөрчлөлт орж, тивийн аваргад эхний долоод орох хүндхэн бас хариуцлагатай даваа бидний өмнө байлаа. Манай тамирчид бүгд л энэхүү эрхийн төлөө тэмцэж, улмаар медалийн төлөө тулалдсандаа. Үнэхээр хүнд тулаанууд болсон. 9 тамирчнаас ганцаараа финалд үлдсэн болохоор надад айх хүсэл байхгүй байлаа. Байгаа бүхнээ л дайчилсан. Тиймээс бүгдийн хүлээж байсан алтан медалийг авчирлаа. Яг л өнгөрсөн жилийн Инчёны Азийн наадмын буухиа Бангкокт болсон доо.

-Анх хэдэн настайдаа боксын спортоор хичээллэж байсан бэ?

-Би Дорнод аймгийнх. Анх 15 настайдаа (2003 он) ангийнхаа долоон хүүхдийн хамт гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн боксын дугуйланд очиж байлаа. Гэхдээ гэрийнхэндээ хэлээгүй нууцаар очиж билээ. Би айлын бага хүүхэд байсан болохоор их хөдөлгөөнтэй. Багш маань анх намайг шалгаж аваад ээжид “Танай хүү их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө их сонирхолтой байгаа учир боксоор хичээллүүлээд үз” гэж хэлж байсны дараа санаа амарч байсан. Тэр цагаас хойш багштайгаа гурван жил гаруй хичээллэж улсын шигшээд ирсэн дээ. Би анх багш дээрээ ирсэн жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн тэмцээнд амжилттай оролцож байсан юм. Тэгээд л их урамшиж, энэ спортоор тууштай хичээллэх болсон. Энэ жилийн Азийн аваргын өмнөх бэлтгэлийн үеэр Ё.Төмөрбат багш маань хамт байсан.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Манай эхнэрийг Г.Хулан гэдэг. Бид нэг охинтой. Охин маань 5 нас хүрч байна. Манай гэр бүлийн хүн Дорнод аймгийнх. Бид багийн л бие биенээ сайн мэддэг байсан.

-Энэ жилийн ДАШТ Катарт сар гаруй хүрэхгүй хугацааны дараа(10.05-18)болно. Мөн хугацаа бага үлджээ. Мэдээж одоо таньд дэлхий, олимпийн медаль л дутуу байна даа?

-Тиймээ бидний хувьд одоо улам хариуцлагатай тэмцээн үлдчихлээ. Энэ жилийн ДАШТ Катарын Доха хотноо болно. Ер нь сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Мэдээж Азийн аваргад амжилттай оролцсон амжилтаа улам бататгаж, дэлхийн аваргаас медаль хүртэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Манай баг тамирчид ч сайн бэлтгэж байгаа. Энэ дашрамд, Монголын боксын холбоо, АПУ, МИАТ, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хамт олон болон надад байнга тусалж байдаг та бүхэндээ баярлаж явдгаа хэлмээр байна.

2015 оны Азийн аваргын медальтнууд.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж