ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хурал давхацсан тул 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдөр 14.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг сануулахад, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ.
Анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбогдуулан 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаж байжээ. Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нь “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан гэж буруутгасан төдийгүй ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг ‘Говь повер’ ХХК-ийн дансруу шилжүүлэн авсан гэж үзсэн юм. Харин энэ бүхэнд дээр нэр дурдагдсан хүмүүсийг оролцсон гэж үзэн, ял өгсөн.
Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газраас 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр мэдээлэхдээ “Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна” гэж мэдэгджээ.
Тэгвэл дээрх хэргийн холбогдогчид Улсын дээд шүүх хүртэл заргалдаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсний дараа шүүхэд шилжүүлсэн юм байна. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд дээрх хэрэг шүүхээр орсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр Г.Дэнзэн ял шийтгэлээс мултарч магадгүй хэмээн мэдээлж байна. Ийнхүү олон жил “дуншсан” хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах үлдлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ